
2017 онд худалдаанд гарсан Switch төхөөрөмжийн борлуулалт 155 саяыг давж, Японы видео тоглоомын Nintendo компанийн хамгийн өндөр борлуулалттай төхөөрөмж болжээ.
Коронавирусийн цар тахлын үеэр борлуулалт нь огцом нэмэгдсэн Nintendo Switch төхөөрөмж Nintendo компанийн хамгийн өндөр борлуулалттай гэгдэж байсан Nindtendo DS төхөөрөмжийг борлуулалтаараа ардаа орхисон байна. Ингэснээр тус төхөөрөмж нь 2020 нээлтээ хийж, 160 сая гаруй ширхэг борлуулагдсан Sony компанийн PlayStation 2 төхөөрөмжийн араас бичигдэж эхэлжээ.
Nintendo компанийн сүүлд гаргасан санхүүгийн тайлангаас тус компанийн хувьцааны үнэ 11 хувиар буурсныг харж болох юм. Гэсэн хэдий ч 2025 оны 6-р сард зах зээлд гаргасан Switch 2 төхөөрөмж нь 2025 оны сүүл гэхэд 17 сая ширхэг зарагдаж, гараагаа амжилттай эхлүүлснийг Nintendo компанийн зүгээс онцолжээ. Шинжээчдийн хувьд Switch төхөөрөмж анх зах зээлд гарахад ямар нэг хүлээлтгүй байсан ч Nintendo компанийн Mario, Zelda, Pokemon, Mario Kart зэрэг алдартай видео тоглоомууд Switch төхөөрөмжийн борлуулалтад эергээр нөлөөлж чадсан ба коронавирусийн цар тахлын нөлөө ч багагүй байсан аж.
Нөгөө талаас Switch 2 нь Switch 1-ийн амжилтыг эвдэж чадна гэдэгт шинжээчид эргэлзэж байгаа аж. Nintendo компанийн ерөнхийлөгч Шүнтаро Фүрүкава Ram чипийн үнэ огцом нэмэгдсэн нь Switch 2 төхөөрөмжийн борлуулалтад сөргөөр нөлөөлж болзошгүйг ч онцолжээ.






