
Харри Поттер цуврал уран сайхны кинонд Драко Малфойн дүрд тоглосон жүжигчин Том Фелтоны зураг Хятадын зарим айлуудын хаалгыг чимж, Хятадын цахим худалдааны платформууд, нийгмийн сүлжээнд Драко Малфойн зурагтай баярын чимэглэлүүд тренд болоод байна. Цагаан сарын баярын өмнө Хятад айл өрхүүд ирэх ондоо эрүүл энх, аз хийморьтой байхыг бэлгэдэн хаалгаа хоёр мөрт шүлгээр эсвэл фузы буюу улаан дээр алтан шаргал өнгөөр бичсэн бэлгэдлийн үг бүхий дөрвөлжин цаасаар чимэглэдэг уламжлалтай билээ. Тэгвэл Малфойн нэрийг Хятад хэлэнд буулгахдаа Ма-а-фу гэж бичиж, дууддаг нь морь болон аз хийморь гэсэн хоёр үгний нийлбэр бөгөөд ирж буй морь жилдээ аз хийморьтой байхыг ерөөж, хятадууд Драко Малфойн зургаар гэрийнхээ хаалгыг чимэх болжээ.
Хятадад Харри Поттер цуврал ном болон тус номоос сэдэвлэсэн уран сайхны кинонууд маш алдартай бөгөөд 2020 онд тус улсад Харри Поттерын тухай цуврал кинонуудыг кинотеатруудад дахин гаргасан нь 3 өдрийн дотор 90 гаруй сая юанийн орлого олж байжээ. Түүнчлэн Харри Поттерын шүтэн бишрэгчдэд зориулан Warner Bros Discovery компани 2027 онд Шанхайд Making of Harry Potter хамгийн том студийг нээхээр төлөвлөөд байгаа билээ. Хятадын нийгмийн сүлжээнд айл өрхүүд Драко Малфойн зурагтай чимэглэлийг хаалган дээрээ өлгөж эсвэл наасан байгаатай, зарим нь ирэх ондоо аз хийморьтой байхыг хүсвэл энэ зургийг бусадтай хуваалц хэмээн Малфойн зургийг тарааж байгаатай таарч болох аж. Taobao зэрэг Хятадын цахим худалдааны платформууд Малфойн зурагтай наалт, соронз зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Драко Малфойн дүрд тоглосон Том Фелтон хүртэл түүний тоглосон дүр Хятадад тренд болоод буй талаар өөрийн Instagram сторидоо оруулжээ






