
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор “Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”,
“Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн баталлаа.
Засгийн газраас төрийн байгууллага бүр тусдаа цахим хуудас хөгжүүлэх зардлыг бууруулах, иргэд нэг эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (gov.mn)-ийг нэвтрүүлсэн. Уг нэгдсэн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл төрийн байгууллагууд хууль заасан нээлттэй мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэх үйл ажиллагааг нээлттэй мэдээллийн shilen.gov.mn систем-тэй уялдуулан хэрэгжүүлж, төрийн байгууллагуудын ил тод байдлыг “Шилэн индекс”-ээр үнэлж байна.
Эдгээр журмаар төрийн байгууллагын цахим хуудсыг хөтлөх нэгдсэн стандарт тогтоох, мэдээллийн аюулгүй байдал, хяналтын механизмыг тодорхой болгох, ил тод байдлын үнэлгээг цахим, автоматжуулсан хэлбэрт шилжүүлэх, иргэдийн мэдээлэл хайх, авах эрхийг бодитоор хангах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан бөгөөд эдгээр журмыг хэрэгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналт сайжирч, ил тод, нээлттэй, шуурхай засаглалын суурь бэхжих юм.






