
Испанийн Барселона хотын Валь д’Эброн эмнэлэгт анх удаа эмэгтэй донороос эмэгтэй реципиентэд нүүр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай гүйцэтгэжээ. Нүүрний арьс, булчин, цусны болон мэдрэлийн судсуудыг шилжүүлэн суулгах хагалгаанд сэтгэл засалчид, иммунологичид багтсан 100 орчим мэргэжилтнүүд оролцсон байна.
Реципиентээр Канарын арлууд дээр амарч байхдаа шавжид хазуулснаас болж нянгийн халдвар авч, нүүрнийх нь арьсны эд эс үхжиж, үүнээсээ болж юм ярьж, идэж, харах чадвараа алдсан Карме нэртэй эмэгтэй оржээ. Тэрээр өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн бага хуралд оролцож, хагалгааны дараах эдгэрэлт маш амжилттай явагдаж байгаа тухай ярьжээ.
Донор болсон эмэгтэйн нас барах өдөр тодорхой байсан тул эмч нар тус хагалгааны бэлтгэлийг маш сайн хангаж чадсан аж. Учир нь донор эмэгтэй эвтанази буюу эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн тусламжтай өөрийн хүслээр хорвоог орхижээ.
Валь д’Эброн эмнэлэг нь эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаагаар дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. Тус эмнэлэгт 2010 онд дэлхийд анх удаа нүүр бүтэн шилжүүлэн суулгах хагалгааг гүйцэтгэж байжээ.
2025 онд Испанид эрхтэн шилжүүлэх 6300 орчим хагалгаа хийгдсэний тал орчим хувь нь Валь д’Эброн эмнэлэгт хийгджээ.
Испанид эвтанази буюу эдгэшгүй хүнд өвчтэй хүмүүст эмч мэргэжилтнүүдийн тусламжтай зовлонгоос ангижрахыг 2021 онд хуулиар зөвшөөрсөн ба 2024 онд эвтаназийн тусламжтай 426 хүн хорвоог орхижээ.
Эх сурвалж: Reuters






