
ДЭМБ-ын Nature Medicine сэтгүүлд нийтэлсэн тайланд бичсэнээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авснаар дэлхий даяар жил бүр бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн тоог 7 саяар бууруулах боломжтой аж. Судлаачдын тогтоосноор дэлхий даяар бүртгэгдэж буй хавдрын өвчлөлийн 37 хувь нь вирус нянгийн халдвар, амьдралын буруу хэв маяг, орчны бохирдлоос болж үүссэн байна. Урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын өвчлөлийн тал хувийг тамхины хэрэглээ болон агаарын бохирдлоос үүсэх уушгины хавдар, хеликобактерийн халдвараас үүсэх ходоодны хавдар, хүний папиллома вирусээр үүсгэгдэх умайн хүзүүний хавдар эзэлж байгаа аж.
Хүний папиллома вирусийн эсрэг вакцин, элэгний B вирусийн эсрэг вакцинд хамрагдаж, тамхи татахаа зогсоож, дам тамхидалтад өртөхгүй байж, нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж, жингээ барьснаар хавдрын зонхилон тохиолдох өвчлөлөөс сэргийлэх боломжтой болохыг судлаачид онцолжээ. Судлаачид 2022 онд 185 улсад бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн тохиолдлууд, тэдгээрийг үүсгэх хүчин зүйлсийг судалснаар 18 сая гаруй хавдрын өвчлөлийн тохиолдлуудад доорх 3 хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлснийг тогтоожээ. Үүнд: – тамхи татах нь 3.3 сая хавдрын өвчлөлийн тохиолдолд – вирус нянгийн халдвар нь 2.3 сая тохиолдолд -архи, согтууруулах ундаа хэрэглэх нь 700 мянган тохиолдолд нөлөөлжээ. Түүнээс гадна эрчүүдийн дунд бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 45 хувь нь, эмэгтэйчүүдийн дунд бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 30 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой хавдрын өвчлөл болох нь тогтоогджээ.






