
Бээжин цахилгаан автомашины хаалганы далд бариулыг хоригложээ. Илон Маскийн Tesla компани анх цахилгаан автомашинуудынхаа хаалганы гаднаас онгойлгох бариулыг далд байхаар зохион бүтээсэн нь сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгчдийн дунд тренд болоод байсан юм.
Тэгвэл Хятадад Xiaomi компанийн цахилгаан автомашины хаалга ослын үед цахилгааны доголдлоос болж онгойгоогүй хоёр ч тохиолдол бүртгэгдсэн нь Хятадын эрх баригчдыг ийнхүү шинэ журам гаргахад хүргэжээ.
Хятадад борлуулалтаараа тэргүүлж буй цахилгаан автомашинуудын 60 орчим хувийнх нь хаалганы бариул далд байдлаар хийгдсэн байдаг аж.
Шинэ журмын дагуу 2027 оны 1-р сарын 1-нээс Хятадын зах зээл дээр борлуулагдах бүх цахилгаан автомашинуудын гадна ба бүхээг дотор хаалгыг механикаар онгойлгох бариул байх ёстой гэж заажээ.
Түүнчлэн Хятадын Үйлдвэрлэл, Мэдээллийн технологийн яамнаас бүх цахилгаан автомашинуудын бүхээг дотор хаалгыг хэрхэн механикаар онгойлгох тухай зааврыг бичиж тавьсан байх ёстой гэж заасан байна.
Харин загвар нь хэдийн батлагдчихсан, худалдаанд гарахад бэлэн болсон автомашинуудын загварыг өөрчлөхөд эрх баригчид хоёр жилийн хугацаа өгөх аж.
Tesla компанийн автомашинуудын хаалганы бариул нь аюулгүй байдлын шаардлагад нийцсэн эсэхийг АНУ болон Европын эрх баригчид хэдийн шалгаж эхэлсэн ба өнгөрсөн 11-р сард Америкийн Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах алба Tesla компанийн автомашины хаалганы бариул гэнэт ажиллахаа больсноос болж машин дотор хүүхдүүд гацсан тохиолдлуудыг шалгаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар тус албанд Tesla компанийн 2021 оны Model Y автомашины хаалганы бариултай холбоотой 9 гомдол иржээ.






