
Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан “Asian open school invitational championships Bangkok” олон улсын өсвөрийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид 72 медаль хүртжээ.
Тодруулбал, “We aquatics” клубийн тамирчин 11 настай Б.Маргад хувийн амжилтаа ахиулаад зогсохгүй өөрийн оролцсон ганцаарчилсан төрлүүддээ нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, багийн буухиа төрөлд хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Тэгвэл Эрдэнэтийн “Хангарьд” клубийн тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, таван хүрэл, “Aquanex” клубээс нэг алт, гурван хүрэл, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, “Бэлла Виста”-гийн хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл, “Говийн усчид” клубынхэн долоон алт, таван мөнгө, 14 хүрэл, “Далайн хаадууд” клубийнхэн долоон мөнгө, дөрвөн хүрэл, “SS Swimming” клуб нэг хүрэл медаль хүртсэн байна. Улмаар багийн нэгдсэн дүнгээр Монгол Улс 10-р байр эзэлжээ.
Энэхүү тэмцээнд 22 орны 1100 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улсаас зургаан клубийн тамирчид оролцжээ. Азийн орнуудын сургуулийн насны өсвөрийн усанд сэлэгчдэд олон улсын хэмжээнд өрсөлдөх туршлага олгох, спортын ур чадвар, хамтын урам зориг, соёлын солилцоо бий болгох зорилготой энэхүү тэмцээн нь мэлхий, өврөөр даллах, дельфин, өврөөр даллах буухиа, араар даллах, холимог багийн сэлэлтийн төрлөөр аваргуудаа тодруулсан байна.

















