
Норвегийн угсаа залгамжлах гүнж Метте-Маритын хүү, 29 настай Мариус Борг Хойбиг цагдаа нар өнгөрсөн ням гарагт шүүхийн хоригийг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдэх өндөр эрсдэлтэй гэсэн үндэслэлээр баривчилжээ. Тэрээр 2024 оны 8-р сараас хойш хууль сахиулагчдад 4 удаа баривчлагдаж байгаа аж. 2024 оны 8-р сард тэрээр дотно харилцаатай байсан эмэгтэйдээ гар хүрсэн хэргээр анх баривчлагдсан ба тухайн үед тэрээр өөрийгөө сэтгэцийн хэд хэдэн эмгэгтэй, хар тамхи хэрэглэдэг болохоо мэдүүлж, 7 хоног хоригдон суллагдаж байжээ. Энэ мягмар гарагт түүний шүүх хурал болох ба прокурор Мариус Борг Хойбиг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, шүүхийн хоригийг зөрчсөн, 3.5 кг өвс хадгалсан, авто замын хөдөлгөөнд хурд хэтрүүлэн оролцсон зэрэг нийт 38 хэрэгт буруутгаж байгаа аж. Шүүхээс буруутай нь тогтоогдвол угсаа залгамжлах гүнжийн ууган хүү 10 хүртэлх жилийн хорих ял сонсох юм.
Тэрээр зарим хөнгөн ял шийтгэлтэй гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Мариус Борг Хойби нь гүнж Метте-Маритын Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хокон Магнустай гэр бүл болохоос өмнө гарсан хүү бөгөөд хунтайж Хокон Магнусын дагавар хүү юм. Тиймээс ч Мариус Борг Хойби нь хааны гэр бүлийн хэргэм зэрэггүй ба хаан ширээ залгамжлах эрхгүй аж. Түүнээс гадна Мариус Борг Хойбигийн ээж, угсаа залгамжлах гүнж Метте-Марит 2011-2014 онуудад Жеффри Эпштейнтэй харьцдаг байсан нь ил болсон нь олны анхаарал, бухимдлыг төрүүлээд байгаа аж.






