
Монгол Улсын засгийн газраас баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажил үе шаттай хийгдэж байна.
Өнөөдрөөс “Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшнтэй боллоо. Та “E-Business” Аппликейшнийг ашигласнаар Нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна.
Жишээлбэл:
- Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах боломжтой болж байна
- 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авхаас гадна
- Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, шуурхай авч
Монгол Улсад сар бүр дунджаар 1,540 хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагддаг бөгөөд тэдгээрийн 72.8 хувь нь Улаанбаатар хотод, 27.2 хувь нь орон нутагт бүртгэгддэг гэсэн судалгаа бий. E-Business платформ мобайл аппликейшнтэй болсоноор орон зай цаг хугацаанаас үл хамааран гар утаснаасаа цахимаар ж, бизнесийн үйл ажиллагаагаа нээж, хянах боллоо.
Өнгөрсөн хугацаанд E-Business платформ нь 186,969 хэрэглэгчтэй, нийт 953 төрлийн үйлчилгээг 437,274 удаа амжилттай үзүүлсэн байна.
Үүнээс хамгийн их хандалт авсан үйлчилгээ нь:
- A.Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах 168,075
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (ААНБ) 38,902
- Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах 33,590
- Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа 27,522
- Импортын мэдүүлэг олгох үйл ажиллагаа 25,162
- Татварын өрийн үлдэгдлийн лавлагаа 16,177
- Зээлийн мэдээллийн лавлагаа 10,357
- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (ААН одоо эзэмшиж байгаа) 9,941
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 5,035
- Б. Шинээр үүсгэн байгуулагдсан ‘Хязгаарлагдмал хариуцлагатай компани’-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх 4,305
Түүнчлэн E-Business платформ мобайл аппликейшнаар бизнес эрхлэгчдэд зориулсан нийгэм, эдийн засгийн албан ёсны шинэ мэдээ, мэдээллийг цаг үетэй нь нийцүүлэн, шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нь аппликейшний бас нэгэн онцлог юм.
E-Business нь Монгол Улсад бизнесийн орчныг илүү ил тод, хүртээмжтэй, авлигагүй, хүний оролцоог багасгасан хэлбэрээр зохион байгуулахад чиглэсэн үндэсний хэмжээний шийдэл болж байна. Ялангуяа орон нутгаас бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, итгэлтэй орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
E-Business мобайл аппликейшн нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулж, бизнес эрхлэгчдийн цаг, зардлыг хэмнэхийн зэрэгцээ өөрийн бизнесийн мэдээлэлд эзэн байх, хариуцлагатайгаар удирдах соёлыг төлөвшүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчид төрийн албан хаагчаас шууд хамааралтай байдал багасаж, бизнесийн үйл ажиллагаагаа илүү ил тод, бие даасан байдлаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй нь Монгол Улсын бизнесийн экосистемийг дараагийн шатанд гаргах бодит суурь болж байна.






