
SpaceX компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск Украины эрх баригчдын хүсэлтээр SpaceX компанийн зүгээс ОХУ-ын Starlink хиймэл дагуулын холбоог ашиглан Украинд цохилт үзүүлдэг явдалд саад болох арга хэмжээнүүдийг авсан хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Украины Батлан хамгаалахын сайд Михаил Федоров ОХУ Украинд дроны цохилт үзүүлэхдээ Starlink-ийг ашиглаж байгаа тухай мэдэгдсэн аж.
Үүний хариуд Илон Маск, “ОХУ Starlink-ийг зөвшөөрөлгүйгээр ашигладаг явдлыг зогсоохын тулд авсан бидний арга хэмжээнүүд үр дүнгээ өгч эхэлсэн бололтой” гэж өнгөрсөн ням гарагт X нийгмийн сүлжээндээ бичжээ.
Михаил Федоров SpaceX компанийн зүгээс авсан арга хэмжээнүүд нь бодитой үр дүн өгч эхэлсэн тухай дурдаад зогсохгүй SpaceX компанийг үүсгэн байгуулагч Илон Маскийг Украины ард түмний жинхэнэ нөхөр, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч хэмээн тодорхойлжээ.
Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр SpaceX компанийн авсан арга хэмжээнүүдийн ачаар ОХУ-ын дронууд дээр суурилуулсан Starlink-ийн терминалууд нь тухайн дроны хурд 90км/ц давсан тохиолдолд ажиллахаа больдог тохиргоотой болжээ.
Түүнчлэн ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хяналтад аваад буй Украины бүс нутгуудад “хар зах” дээрээс авсан Starlink-ийн терминалуудыг ашигладаг явдалтай тэмцэхийн тулд Киев Украины нутаг дэвсгэр дээр Starlink-ийн бүртгэлгүй терминал ашиглах явдлыг зогсоох шинэ систем нэвтрүүлэхээр SpaceX компанитай хамтран ажиллаж байгаа аж.
ОХУ 2022 онд Украин руу довтолсноос хойш Украины зэвсэгт хүчнийхэн Starlink хиймэл дагуулын холбоог ашиглаж эхэлсэн ба И.Маск Starlink-ийг Украины армийн “багана нуруу” хэмээн тодорхойлж, Украинд Starlink-ийн холбоог тасалбал Украины фронтын шугам бүхэлдээ нурна хэмээн мэдэгдэж байсан билээ.






