
Урт наслахад аль нь илүү нөлөө үзүүлэх вэ? Ген үү, орчин уу? гэсэн маргаан олон арван жил үргэлжилж байгаа билээ. Эрдэмтэд урт наслалтад нөлөөлдөг хүчин зүйлсийн дотор тухайн хүний ген 25 орчим хувиар нөлөөлдөг гэж үзэж ирсэн билээ.
Тэгвэл Ляйдены их сургуулийн Анагаахын төвийн туслах профессор Йорис Деелен тэргүүтэй нидерландын удамшил зүйчид Швед, Дани зэрэг улсад төрсөн ихэр хүмүүсийн наслалтад хийсэн судалгааг дахин нарийвчлан судалжээ. Тэд өндөр наслахтай холбоотой үүсдэг өвчнүүдээс болж нас барсан тохиолдлуудыг гадны нөлөөтэй нас барсан тохиолдлуудаас ялгаж, эхний тохиолдлууд дээр анхаарснаар хөгшрөлттэй холбоотой өвчнөөр нас барсан хүмүүсийн наслалтад удамшил нь өмнө тооцоолж байснаас илүү буюу 50 орчим хувиар нөлөөлснийг олж тогтоожээ.
Эрдэмтэд ген нь хүнд урт наслах чадамжийг олгох ч уг чадамж зөвхөн таатай орчинд л бодитоор биеллээ олдог гэдгийг онцолжээ. Урт наслах ген удамшиж авлаа ч гадна орчны нөлөө, амьдралын хэв маяг буруу байх юм бол урт наслах боломжгүй аж.
Жишээ авахдаа эрдэмтэд улаан буудайны хоёр үрийг яг адилхан нөхцөлд суулгаж, ургуулбал тухайн үрүүд нь хэр өндөр ургах нь удамшиж авсан генээс нь шалтгаалах бол үр тарианы хоёр үрийг нарны тусгал, чийгшлийн түвшин өөр өөр орчинд суулгаж, ургуулбал тухайн буудай хэр өндөр ургахад генээс илүү гадаад орчин нөлөөлөх аж. Хүнтэй ч мөн адил, аюулгүй, тогтвортой орчинд хүний хэр урт наслах нь удамшиж авсан генээс нь илүү хамаарах аж.
Эх сурвалж: Naked Science






