
Их Британийн хаан III Чарльзийн дүү Эндрю дахин олны анхаарлын төвд ороод байна. Дахин нэг эмэгтэй ханхүү асан Эндрютэй 2010 онд бэлгийн харилцаанд орсон тухайгаа мэдүүлжээ.
Тухайн эмэгтэйн өмгөөлөгч Брэд Эдвардсын мэдээлснээр Жеффри Эпштейн үйлчлүүлэгчийг нь Их Британи руу ханхүү Эндрюд биеийг нь үнэлүүлэх зорилгоор илгээж байжээ. Тухайн үед 20-иод настай байсан тэрээр ханхүү Эндрютэй Виндзор дахь Рояал Лож эдлэнд шөнийг өнгөрүүлж, маргааш нь түүнд Бакингемийн ордныг үзүүлж, цайгаар дайлсан тухай мэдүүлжээ.
Брэд Эдвардс Жеффри Эпштейны хохирогч болсон 200 гаруй хүнийг төлөөлж байгаа ба тэдгээрийн дотор Ж.Эпштейны шахалтаар ханхүү Эдвардтай 2001-2002 онд 17 настай байхдаа 3 ч удаа бэлгийн харьцаанд орсон тухайгаа мэдүүлж байсан Виржиния Жуффре багтаж байсан юм.
В.Жуффре 2021 онд Эндрюг шүүхэд өгч, 2022 онд талууд тохиролцож, В.Жуффре 12 сая фунт стерлингийн нөхөн төлбөр авч байсан юм. Өнгөрсөн оны 4-р сард В.Жуффре амиа егүүтгэн нас барсан ба тэрээр нас барахаасаа өмнө дуртгал номоо бичиж үлдээсэн нь 10-р сарын 21-нд нийтлэгдсэн юм. Энэхүү номондоо В.Жуффре Ж.Эпштейн болон түүний нэр нөлөө бүхий найзуудын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.
Үүнтэй холбоотойгоор ханхүү Эндрюгийн ах Их Британийн хаан III Чарльз өнгөрсөн 10-р сард дүүгийнхээ бүх хэргэм зэрэг, гавьяа шагналыг хурааж авах шийдвэрийг гаргасан юм.
Бакингемийн ордноос гаргасан мэдэгдэлд Ханхүү Эндрюгийн ханхүү цолыг хурааж, Эндрю Маунтбеттен Виндзор гэж дуудна хэмээн онцолсон байна.
Эндрю Маунтбеттен Виндзор нь сүүлийн 20 гаруй жил амьдарсан, 30 өрөө бүхий Виндзор дахь Рояал Лож эдлэнгээс хаан Чарльзын Сандрингем эдлэн дэх хувийн сууц руу нүүгээд байгаа билээ.
Эх сурвалж: BBC






