
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлах ёслол өнөөдөр Японы нийслэл Токиогийн “Рёгокү Кокугикан” ордонд боллоо.
Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар 330 зочин уригдаж, мөн олон зуун үзэгчид энэхүү ёслолыг ордонд үзэж сонирхжээ.
Сүмогийн түүхэнд 45 түрүүлж, үнэмлэхүй дээд амжилтын эзэн болсон Хакүхо М.Даваажаргал алтан шаргал өнгийн дээлтэй гарч ирэхэд ордонд цугласан олон хамгийн их уулга алдан хүлээн авсан гэнэ. Хакүхо үсэнд хүрснийхээ дараагаар “Сүүлчийн барилдаанаа түүнтэй хийсэн нь яг тохирсон өрсөлдөгч байсан. Би буухиагаа амжилттай шилжүүлсэн гэж бодож байна” хэмээн өгүүлжээ.
Хакүхо 15 давж, уналгүйгээр түрүүлээд дараа нь замналаа өндөрлүүлсэн. Тэрхүү башёгийн сүүлчийн барилдаандаа Тэрүнофүжитэй барилдсанаа дурдаж буй нь энэ юм.
Тэрүнофүжи ёкозүнагийн ёслолоо хийхээр гарч ирэхэд зам засагчаар ёкозүна Ооносато, илд баригчаар ёкозүна Хоошёорюү Б.Бямбасүрэн нар гарч ирсэн.
Мөн Тэрүнофүжигийн хүү Тэмүжин аавдаа өргүүлэн дохё дээр гарч, аав нь хүүгийнхээ хөлийг дэвжээнд гурван удаа хүндэтгэлтэй хүргэж буй нь бичлэг дээр тодорхой харагдсан.
Тэрүнофүжи Японы Эзэн Хааны цомыг 10 удаа хүртсэн, эгэлгүй их тэвчээр, зориг зүрх, сэтгэлийн тэнхээгээрээ түмнийг бишрүүлсэн сүмоч юм.
Түүний зодог тайлах ёслолд олон алдартан зочид уригдан ирж, үсэнд хүрчээ. Ах дүү Абэ Хифүми, Абэ Үта, Шохэй Оно гээд нэрлээд байвал олон алдартан очсон байна.
Зодог тайлах ёслолын үеэр бөхчүүд ихэвчлэн нулимс унагадаг. Тэгвэл Тэрүнофүжи ёслолын дараагаар инээмсэглэн “Ийм сайхан ёслол дээр уйлах хэрэг юун?” хэмээжээ. Мөн түүний багш ёкозүна Асахифүжи үлдсэн үсийг нь авахад “Толгой хөнгөрчихлөө” гээд инээлгэсэн байна.
Үсэнд нь хүрсэн хүн бүрийн тухай бодол дурсамж тухайн үед сэргэн бодогдож байснаа Тэрүнофүжи дурдаад “Би сүмогоос их зүйл авсан шигээ мөн ихийг өгөхийг хүсч байна. Тиймээс дараа дараачийн үеийн сүмочдыг бэлдэн гаргахаар шаргуу хөдөлмөрлөх болно” хэмээн өгүүлжээ.
















