
Индонезийн Ачех мужид шариатын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг цагдаа нар гэр бүлээс гадуур харилцаанд орж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй эмэгтэй хоёрыг тус бүр 140 удаа саваадаж шийтгэжээ.
Ингэхдээ цагдаа нар тус шийтгэлээ нийтийн цэцэрлэгт хүрээлэнд, олон арван хүний нүдэн дээр гүйцэтгэжээ.
Ачех муж нь лалын шашны шариатын хуулийг хатуу дагадаг Индонезийн цорын ганц муж бөгөөд шариатын хуулийн дагуу гэр бүл болоогүй эрэгтэй эмэгтэй хоёр бэлгийн харьцаанд орохыг, архи согтууруулах ундаа уухыг хатуу хориглодог аж.
Цагдаа нар дал модоор сүлжсэн саваагаар гэр бүлээс гадуурх харилцаанд орсныхоо төлөө нуруу руугаа тус бүр 100, архи согтууруулах ундаа уусныхаа төлөө тус бүр 40 удаа саваадуулжээ. Шийтгэлийг гүйцэтгэсний дараа саваадуулсан эмэгтэй ухаан алдаж унан, эмнэлгийн яаралтай тусламжийн ажилтнуудаас тусламж үйлчилгээг авчээ.
Гэр бүлээс гадуурх харилцаанд орсон хосоос гадна бие биетэйгээ хэтэрхий ойрхон зогсож байгаад баригдсан эрэгтэй, эмэгтэй цагдаагийн хоёр албан хаагчийг тус бүр 23 удаа савааджээ.
Ачех мужид саваадах шийтгэлийг мөрийтэй тоглоом тоглох, архи согтууруулах ундаа хэрэглэх, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох, гэр бүлээс гадуурх харилцаанд орох зэрэгт оноодог ба 2025 онд хоорондоо бэлгийн харьцаанд орсон хоёр эрийг тус бүр 76 удаа саваадаж шийтгэж байжээ.
Эх сурвалж: The Guardian






