
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой 2026 онд тохиож байна. Их зохиолч Д.Нацагдорж нь 1906 оны 11 дүгээр сарын 17-нд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар төрсөн бөгөөд Монголын орчин үеийн уран зохиолын суурийг тавьсан түүхэн гавьяатай билээ.
Тэрээр хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан, соёл урлагийн байгууллагад хүчин зүтгэж, Төв театрт мэргэжлийн зохиолчоор ажиллаж байсан төдийгүй монголын уран зохиолын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлсэн сэхээтнүүдийн нэг юм. Д.Нацагдорж нь дэлхийн сонгодог зохиол бүтээлүүдийг орос, герман хэлнээс монгол хэлнээ орчуулан уншигчдад анхлан хүргэж, үндэсний сэтгэлгээ, уран зохиолын орон зайг тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Түүний уран бүтээлүүд өнөөдөр ч дэлхийн олон хэлээр орчуулагдан, Монголын уран зохиолын нүүр царай болсоор байна.
Их зохиолчийн Монголын соёл, утга зохиолын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг олон нийт, ялангуяа залуу хойч үед сурталчлан таниулах зорилгоор “Ой тэмдэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ой мөн энэ онд тохиож байна. Түүхэн баримтаар Д.Нацагдорж нь 1926 онд Герман Улсад суралцсан анхны монгол оюутнуудын нэг байсан нь хоёр улсын соёл, боловсролын харилцааны түүхтэй салшгүй холбоотойг илтгэнэ. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний уран бүтээл, үзэл санаа, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх олон талт арга хэмжээг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлалын яам







