
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.30) Өвөрхангай аймагт ажиллаж байна. Уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлалыг хослуулан хөгжүүлэхийг тэргүүлэх чиглэлээ болгосон хангайн бүсэд Улсын Их Хурлын дарга болон УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөлөл ажиллаж, хөгжлийн бодлого, чиг хандлага, тулгамдаж буй асуудлын хүрээнд орон нутаг дахь төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Өвөрхангай аймгийн хувьд Монгол орны төв цэгт оршдог, зургаан аймагтай хиллэдэг онцлогтоо тулгуурлан тээвэр, ложистикийн төв байгуулах зорилт дэвшүүлжээ. Авто замын сүлжээг бий болгосноор бүс нутаг дамнасан худалдааны эргэлт нэмэгдэж, төрөлжсөн эдийн засгийг эрчимжүүлэх боломжтой гэж тооцсон. Энэ хүрээнд Арвайхээр-Дундговь-Чойр чиглэлд хэвтээ тэнхлэгийн авто замын бүтээн байгуулалтыг 2025 онд эхлүүлсэн. Харин босоо тэнхлэгийн чиглэлд Улаанбаатар-Арвайхээр авто замаас Хужирт сум хүртэлх 43.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй яваа гэв.



Түүнчлэн Үйлдвэрлэл, технологийн паркийг бэсрэг хувилбараар хөгжүүлж, түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж ирсэн хэмээн Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж тайлбарлав. Тухайлбал, жилд 3000 тонн ноос боловсруулах хүчин чадал бүхий ноосны үйлдвэрийг байгуулж, өдгөө 150 хүнийг ажлын байраар хангаж байна. Олон улсын стандартад нийцсэн, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн харьяа мал төхөөрөх 4 үйлдвэр, 6 цех ажиллаж, Иран, БНХАУ, ОХУ руу экспортоо эхлүүлжээ. Мөн жилд 1.0 сая ширхэг арьс, ширийг анхан болон гүн боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулсан хэдий ч зарим хүндрэлээс улбаалан үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон. Хүний хөгжлийг бодлогынхоо цөм болгож, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сумдыг инженерийн шугам, сүлжээнд холбох ажлыг идэвхжүүлэн, 7 сумыг бүрэн холбож, 4 суманд ажил ид үргэлжилж байгааг дурдлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх хүрээнд эрх зүйн орчноор дэмжиж өгөх зэрэг саналыг Улсын Их Хурлын даргад уламжилж байв. Тодруулбал, Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн юм.







Бүсчилсэн уулзалтуудын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын хуралдаанаар тогтмол танилцуулж, холбогдох ажлуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн манлайлан хэрэгжүүлнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тодотголоо. Өвөрхангай аймагт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бүтээн байгуулалтууд эрчимтэй өрнөж байгааг онцолж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлахдаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүн, ач холбогдлоор нь эрэмбэлсэн аргачлалаас дурдлаа. Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх арга зам, хэмжүүр шалгууртай замын зураг болсон, бодлогын 8 чиглэлээр үндэсний 10, салбарын 37, төсвийн ерөнхийлөн захирагчийн 87, хөтөлбөрийн 228 үр дүнг тодорхойлсон гэв. Орон нутагт засаглалын бие даасан байдлыг бэхжүүлэх ажил төрийн албаны иж бүрэн реформоос эхлэх учиртай. Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг бодитоор үнэлдэг болсон цагт бүтээмж нэмэгдэж, боловсон хүчний нөөц ч сайжирна гэсэн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр, босоо удирдлагын тогтолцоог халж, бичиг цаас, олон шат дамжлагуудаас чөлөөлж, албан хаагчдын бодит гүйцэтгэлд тулгуурлан цалин, урамшууллыг олгодог байхаар хуульчлах ёстой. Газар зүйн байршил, орон нутгийн нөхцөл байдлаас хамаарсан ажлын ачааллын ялгаатай байдлыг арилгаж, салбарын реформыг сууриар нь хэрэгжүүлсэн цагт орон нутагт эрх мэдэл шилжиж, засаглалын бие даасан байдал хангагдах үндэс бүрдэнэ хэмээв. Иймд хаврын ээлжит чуулганаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.




Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн, Зам тээврийн дэд сайд Г.Ганболд, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ-ын гишүүд, сайд нарын Өвөрхангай аймаг дахь албан томилолт үргэлжилж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурлын тамгын газар






