
Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар бол зөвхөн өв соёл, ёс заншлын ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн хувьд тухайн жилийн хамгийн том мөнгөний эргэлт үүсгэдэг үе болдог.
Судалгаагаар Монгол Улсад жилийн нийт хэрэглээний 10–15 хувь нь зөвхөн сар шинийн өмнөх 1 сар гаруйн дотор төвлөрдөг байна.
Монголбанк, Үндэсний статистикийн хорооны өмнөх жилүүдийн мэдээлэл, банк хоорондын гүйлгээний дүнгээс харвал цагаан сарын өмнөх 30 хоногт,
- Бэлэн мөнгөний гүйлгээ 30–50 хувиар өсдөг
- POS болон мобайл банкны гүйлгээ 40–70 хувиар нэмэгддэг
- Ойролцоогоор 1.5–2.5 их наяд төгрөг зах зээлд шинээр эргэлддэг гэсэн тооцоо бий.
Энэ нь Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээнээс 1.5–2 дахин их хэмжээ юм.
Үндэсний статистикийн хорооны өрхийн судалгаагаар нэг айл,
- Сар бүр дунджаар: 1.6–2.2 сая төгрөг зарцуулдаг
- Цагаан сарын үед: 3–6 сая төгрөг хүртэл зардал гаргадаг байна.
Сар шинийн баяраар нэг өрхийн гаргаж байгаа зардлыг задалж харвал,
– Хоол хүнс, ууц, бууз – 35–45%
– Бэлэг, мөнгөн золголт – 30–40%
– Хувцас, гоёл – 10–15%
– Зам, тээвэр, шатахуун – 5–10% эзэлж байгаа юм.
Улаанбаатарын 4 ам бүлтэй өрхөөр жишээ авч үзвэл,
– Ууц – 650,000₮
– Буузны мах – 300,000₮
– Бэлэг, золголтын мөнгө – 1,000,000₮
– Чихэр, хэвийн боов, архи, ундаа – 450,000₮
– Хувцас – 700,000₮
Нийт: 3.1 сая төгрөгийг цагаан сарын 5 өдөр зарцуулдаг байна.
Энэ хэмжээний зардлыг нэг өрх сарын цалингаа ч бүтэн хуримтлуулаад хүрэлцэхгүй. Иймд ахмадууд нь тэтгэврийн зээл, ажил төрөлтэй нь цалингийн болон аппликейшны зээл авч байж баяраа тэмдэглэдэг нь бодит үнэн.
Монголбанкны мэдээллээр цагаан сарын өмнө бэлэн мөнгөний нийлүүлэлт 30–40%-иар нэмэгддэг. Банкны салбаруудаас бэлэн мөнгө таталт огцом өсч, цалингийн зээл, хэрэглээний зээлийн хүсэлт 20–35% нэмэгддэг байна. Энэ нь өрхийн өрийн дарамтыг улирлын шинжтэйгээр нэмэгдүүлж байгаа бөгөөд 3-5 өдрийн баярт 1-2 жилийн өртэй үлддэг гэсэн үг.
Жил бүрийн сар шинийн өмнөхөн Монгол Улсын хил орчмын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тэр дундаа Улаанбаатар–Замын-Үүд–Эрээн чиглэлийн зорчигч урсгал, валютын гүйлгээ, жижиглэн худалдааны эргэлт огцом өсдөг нь цагаан сарын хэрэглээний мөнгө БНХАУ руу чиглэж байгааг тод харуулдаг.
Банк, гааль, тээврийн байгууллагуудын мэдээлэлд үндэслэсэн албан бус тооцоогоор цагаан сарын өмнөх 20–30 хоногийн хугацаанд 70–120 мянган иргэн Эрээн хот руу зорчдог.
Нэг хүн дунджаар 1–3 сая төгрөгийн худалдан авалт хийдэг гэж үзвэл нийт 150–300 тэрбум төгрөг хятадын зах зээл руу урсаж байгаа юм.
Цагаан сарын үеэр Эрээнд хамгийн их зарагддаг бараа:
- Бөс бараа, бэлгийн багц, хувцас – 35-40%
- Амттан, чихэр, жимс – 25–30%
- Тавилга, гэр ахуйн хэрэгсэл – 15–20%
- Сав баглаа боодол, чимэглэл – 10–15%
Өөрөөр хэлбэл, цагаан сарын бэлэг, дайллагын гол бүтээгдэхүүний ихэнх нь хятадаас шууд орж ирж байна.
Цагаан сарын өмнөх 1 сард юанийн эрэлт 2–3 дахин өсдөг. Төгрөгөөс юань руу солигдох хэмжээ огцом нэмэгддэг нь юанийн ханшийг 3–7% өсөх, монгол төгрөгийн худалдан авах чадвар буурахад нөлөөлж байна.






