
Хятадын Вэньжоу хотын шүүх өнгөрсөн 9-р сард Мьянмарт цахим луйврын төвүүд ажиллуулдаг байсан Мин овгийн гэмт бүлгийн 16 гишүүнд цаазаар авах ял, 11 гишүүнд бүх насаар хорих ял, 12 гишүүнд 5-24 хүртэлх жилийн ял оноосны дагуу Бээжин өнгөрсөн пүрэв гарагт 11 хүнийг цаазаар авчээ.
Мин овгийнхны байгуулсан гэмт бүлэг нь голчлон Мьянмар, Хятад хоёр улсын хилийн ойролцоо байрлах Лауккай хотод хууль бус үйл ажиллагаагаа явуулдаг байжээ.
Сүүлийн жилүүдэд тус хотод цахим луйвар хийдэг төвүүд олноор нээгдсэний дотор хамгийн алдартай нь Мин Сюэчаны удирдаж байсан “Гэтэж буй барын харш” нэртэй төв байсан аж.
2015-2023 оны хооронд Мин овгийнхны гэмт бүлэг цахим луйвраар 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум ам.долларын ашиг хийж, тус бүлгийн хууль бус үйл ажиллагаанаас болж Хятадын 14 иргэн амь насаа алджээ.
2023 онд Мьянмарын хууль сахиулагчид Мин овгийнхны гэмт бүлгийн гишүүдийг баривчилсны дараа тус бүлгийн удирдагч 69 настай Мин Сюэчан хуулийн хариуцлага хүлээхээс зайлсхийн амиа егүүтгэсэн аж. Түүний хүү Мин Гопин, ач охин Мин Чэньжэнь нар өнгөрсөн пүрэв гарагт цаазаар авхуулсан байна.
Өнгөрсөн 11-р сард Бээжин мөн л Мьянмарт цахим луйврын төвүүд ажиллуулж байсан Бай овгийн гэмт бүлгийн 5 гишүүнд цаазын ял оноосон билээ.
Интерполын хийсэн судалгаагаар дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй цахим луйврын төвүүдэд хүний наймааны олон зуун мянган хохирогчид ажилласаар байгаа аж.
НҮБ-ын тооцоолсноор зөвхөн 2023 онд л гэхэд иргэд цахим луйварт нийт 37 тэрбум ам.доллараа алджээ.
Эх сурвалж: bbc.com






