
2025 оны 12-р сарын 3-нд Еврокомисс ОХУ-ыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт буюу хар жагсаалтад оруулах шийдвэр гаргасан юм.
Уг шийдвэрийг Европын парламент болон Европын холбооны зөвлөл дэмжсэнээр энэ сарын 29-нөөс албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
ОХУ-ыг Европын холбооны хар жагсаалтад оруулснаар Европын холбоо гишүүн орнууддаа тавих хяналт шалгалтаа сайжруулж, ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг тойрох оролдлого хийсэн тохиолдлуудыг олж илрүүлэх боломжтой болох аж.
2025 оны 5-р сарын 20-ноос өмнө Европын холбооны бүх орнууд хуульдаа өөрчлөлт оруулж, Европын холбооны тогтоосон хориг арга хэмжээг зөрчсөн тохиолдолд оноох ял шийтгэлийг чангатгаад байгаа билээ.
Еврокомиссын шийдвэр хэрэгжиж эхэлснээр Европын холбооны орнууд ОХУ-тай холбоотой санхүүгийн бүх үйл ажиллагааг нарийвчлан шалгаж эхлэх ба энэ нь ОХУ-тай хамтран ажилладаг гуравдагч орнуудад ч нөлөөлөх аж.
Европын холбооны гишүүн бус БНХАУ, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улс орнуудад Европын холбооны банкнуудтай харилцаагаа хадгалж үлдэхийн тулд ОХУ-тай хамтран ажиллах явдлаа багасгах шаардлага гарах бол Европын холбоонд амьдардаг Европын банкнуудаар дамжуулан Европын холбоо,ОХУ хооронд тогтмол гүйлгээ хийдэг оросуудад дээрх шийдвэр хамгийн хүндээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Европын холбоо ОХУ-ыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтад оруулсантай холбоотойгоор Европт амьдардаг оросууд олноороо дансаа хааж, Европын банкнууд банкны дотоод бодлогынхоо хүрээнд оросуудад санхүүгийн зарим үйлчилгээг үзүүлэхээс татгалзаж эхэлжээ.
Банкууд санхүүжилтийн эх үүсвэрийг илүү нарийн шалгаж, нэмэлт бичиг баримт шаардах ба банкны дотоод бодлогын хүрээнд зарим төлбөр автоматаар цуцлагдах аж.
Эх сурвалж: https://finance.liga.net/en/ekonomika/novosti/eu-blacklists-russia-for-money-laundering-decision-comes-into-force






