
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг эхнэрээ хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган цагдан хориод буй. Тодруулбал, гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, харгис хэрцгий хандсан, дээрх гэмт хэргийг хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй мөртлөө бусдын тээврийн хэрэгсэлд байршил тогтоох төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, Эрүүгийн хуулийн 13.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар мөрдөж мөшгих/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно.
Холбогдсон хэргийн зүйл анги
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгих
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, хувийн зорилгоор албаны техник хэрэгслийг ашиглан бусдыг мөрдөж мөшгисөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.






