
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Давост болж буй Дэлхийн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Газын зурвас болон Ойрх Дорнодод энхийг тогтоож, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой “Энхийн зөвлөл”-д албан ёсны гишүүнээр элсэхийг урьсан тухай CentralAsia.media сайт мэдээлж байна.
Америкийн засаг захиргаа Газын зурвасын дайн зогссоны дараа тус бүс нутгийг олон улсын Энхийн зөвлөл удирдана гэсэн төлөвлөгөө боловсруулаад байгаа ба уг зөвлөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Д.Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Д.Трампын хүргэн Жаред Кушнер, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэр нар багтах нь тодорхой болоод байгаа билээ.
Bloomberg агентлагийн мэдээлснээр бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангах үүрэгтэй уг зөвлөлийн байнгын гишүүн болохын тулд улс орнууд багадаа 1 тэрбум ам.доллар төлөх ёстой болох аж. Түүнчлэн Энхийн зөвлөлийн бүрэлдэхүүнд уригдсан орнууд нь уг зөвлөлд ихдээ 3 жил гишүүнчлэх боломжтой ба гишүүнээр элссэн цагаасаа 1 тэрбум ам.долларын хураамж төлсөн орнуудад байнгын гишүүнчлэл олгох аж. Уг гишүүнчлэлийн хураамжийг Энхийн зөвлөл Газын зурвасыг сэргээн босгоход зориулах аж.
Цагаан ордны мэдээлснээр Д.Трампын засаг захиргааны зүгээс “Энхийн зөвлөл”-д гишүүнээр элсэх урилгыг 50 улсад илгээснээс 35 улсын төрийн тэргүүнүүд тус зөвлөлд элсэх хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа аж. Тэдгээрийн дотор Израил, Саудын Араб, Саудын Нэгдсэн Эмират, Бахрейн, Йордан, Катар, Египет зэрэг Ойрх Дорнодын улс орнууд, НАТО-гийн гишүүн Турк, Унгар, Марокко, Пакистан, Индонез, Косово, Узбекистан, Казахстан, Парагвай, Вьетнам, Армени, Азербайжан, Беларус зэрэг улс багтаж байгаа аж. Норвег болон Швед улс Д.Трампын “Энхийн зөвлөл”-д гишүүнээр элсэхээс татгалзсан бол Франц, ХБНГУ, Итали, Их Британи, Япон зэрэг улс хариугаа хараахан өгөөгүй байгаа аж.






