Увс аймгийн Тариалан сумын нутаг дахь Цагаан хөтөл, Ерэн хавчиг зэрэг газарт зэрлэг ан амьтны амьдрах орчныг сайжруулах, идэш тэжээлээр хангах зорилгоор биотехникийн арга хэмжээг авчээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Жэй Си Си Ар” компани 5 сая төгрөг, “Шинэст-Өргөө” компани 2 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд ЗДТГ-ын нэмэлт сангийн дансанд байршуулсан байна.
Тус мөнгөөр эхний ээлжид 2 тонн өвс, 300 кг давс худалдан авсан бөгөөд үүнээс 10 боодол өвс, 20 кг давсыг зэрлэг ан амьтдын идээшилдэг Цагаан хөтөл, Ерэн хавчиг зэрэг газарт хүргэж байршуулжээ.
Ингэснээр зэрлэг ан амьтдын өвс, тэжээл, давсны хэрэгцээг хангаж, амьдрах орчинд нь эерэг нөлөө үзүүлэв. Цаашид Ямаат, Аагаа, Хайдаа, Намирын эх зэрэг 11 цэгт биотехникийн арга хэмжээг авч, зэрлэг ан амьтны амьдрах орчныг сайжруулах ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.







