
Энэ сарын 13-нд иргэнээс “Салсан найз залуу минь миний нүцгэн зургийг цахим орчинд байршуулж, нэр хүндэд халдсан” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу хүний хувийн болон эмзэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтэлсэн байж болзошгүй иргэн Б-ийн үйлдлийг шалгаж эхэлсэн байна.
Хуулийн дагуу дуу, дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, дамжуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд зааснаар тухайн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг.
Харин хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй баримт, мэдээллийг тараана хэмээн сүрдүүлсэн, дарамталсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна.
“Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг “хүний эмзэг мэдээлэл” гэж тодорхойлсон байдаг.
Иймд хүний эмзэг мэдээллийг задруулсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлд зааснаар иргэнийг 2,000 нэгж, хуулийн этгээдийг 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2022–2025 оны хооронд “Хүний эмзэг мэдээллийг задруулсан” гэх нийт 31 хэрэг бүртгэгдэж, 18 хүнд нийт 33 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн байна.
Иймд иргэдийг хүний хувийн болон эмзэг мэдээллийг зөвшөөрөлгүйгээр тараах, нийтлэх хууль бус үйлдлээс татгалзаж, бусдын нэр төр, эрх, эрх чөлөөг хүндэтгэн хууль, дүрмээ сахин биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.






