
Хятадын Чуньчин хотын Хэчуань дүүрэгт байрлах Чиньфү тосгонд амьдардаг Даидай нэртэй бүсгүй Хятадын TikTok дээр хөгшин настай аав нь Цагаан сарын өмнө тосгонд нь уламжлал ёсоор зохион байгуулдаг цайллагад зориулж ганцаараа гахайгаа нядалж чадахгүйд хүрсэн тул түүнд гахай нядлахад туслах хүн байна уу хэмээн пост нийтэлсэн нь хэдхэн цагийн дотор 1 сая гаруй лайк авч, аавд нь туслахаар олон зуун хүн тосгонд нь иржээ.
Хятадын Сычуань мужийн болон Чуньчин хотын захын тосгодод Цагаан сарын баярын өмнө тосгоноороо гахайн чанасан мах, жигнэсэн хавирга, шөлтэй хоол идэж гэрийн аргаар нэрсэн архи ууж, цайлах уламжлал байдаг ба Даидай аавтайгаа мөн уг уламжлалыг үргэлжлүүлэх үүднээс бусдаас тусламж хүссэн нь Чиньфү тосгон олон зуун хүний хөлд дарагдаж, тосгон руу хүрэх зам түгжрэхэд хүргэжээ.
Даидайн гуйлтаар гахайг нядалж, нядалсан гахайны махаараа хоол хийж, тосгоныхон болон ирсэн бүх зочдыг хооллох бүх үйл явц хоёр өдөр үргэлжилсэн ба уг үйл явдлыг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулсныг 100 мянга гаруй хүн үзэж, 20 сая лайк авчээ.
Даидайн хоёр гахай тосгонд ирсэн олон зуун хүнийг дайлахад хүрэлцэхгүй учраас орон нутгийн аялал жуулчлалын салбар хариуцсан албан тушаалтнууд Даидайд гахай нэмж хандивлан, тосгон дотор болон тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зоогийн газрууд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн зочдыг хоолоор дайлжээ.
Даидайд туслахаар 100 гаруй км-ийг туулсан нэгэн эр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Уур амьсгал маш гоё, гайхалтай байлаа. Бага байхад манай гэр бүл гахай тэжээдэг байсан үеийг минь санагдууллаа. Олон жилийн дараа ийм сайхан мэдрэмжийг дахин авлаа.” хэмээн ярьжээ.
Даидайд тохиолдсон энэхүү явдал нь нийгмийн сүлжээний эрин үед жижиг зүйлс хэрхэн томорч, өргөн хүрээг хамарч болохыг харуулснаас гадна хятадуудын соёл уламжлалаа дахин сэргээх хүсэл, эерэг зүйлсээр дутагдаж байгааг харуулсан үйл явдал болжээ.
Өнгөрсөн баасан гарагт Даидайн нийтэлсэн пост бямба гараг гэхэд олон тооны лайк, комменттой болсон тул Даидай цагдаагийн газарт очиж, тосгон нь хүний хөлд дарагдах магадлалтайг анхааруулжээ.
Чиньфү тосгоны цайллагад эхний өдөр 1000 хүн, 2 дахь өдөр 2000 хүн оролцсон ба Даидай энэ хоёр өдөрт нийт 4 цаг л унтаж амарчээ. Тэрээр өөрийнх гуйлтад хариу өгч, тосгоных нь цайллагад хүрэлцэн ирсэн бүх зочид, том хэмжээний цайллага зохион байгуулахад тусалсан орон нутгийн удирдлагууддаа баярлаж, талархсанаа илэрхийлжээ.
Орон нутгийн удирдлагууд ч олон тооны зочид, жуулчдыг татсан уг цайллагыг жил бүр зохион байгуулах тухай ч бодож эхэлжээ.






