
С.Төгсжаргал: Сагсан бөмбөгийн баяр буюу “Бүх Одод”-ын тоглолтоор уулзацгаая
Сагсан бөмбөгийн 31 дэх жилийн улирал эхэлж байна. Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос “Бүх Одод”-ын тоглолтоо сагсан бөмбөгчдийн баяр хэмээн тодотголоо.
BCH Knights багийн ахлагч О.Эрдэнэцогт болон SG Apes багийн Г.Дөлгөөнөөр ахлуулсан хоёр баг бие биенээ дуэлд дуудаад буй.
Тэгвэл эмэгтэй багуудаас “Улаанбаатар Амазонс” багийн О.Хулан, Б.Ариунцэцэг нар хоёр талд бүрдсэн багийн тамирчдаа бэлтгэж байгаа юм.
“Бүх Одод”-ын тоглолт бямба гарагт буюу энэ сарын 17-ны өдөр болно. Харин “Холимог Одод”-ын тоглолт баасан гарагт 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус зохион байгуулах хуваарьтай байна.

Ингээд бид Монголын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай ярилцсанаа хүргэе.


-Сайн байна уу? Сагсан бөмбөгийн спорт сонирхогч, үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хамгийн их хүсэн хүлээдэг “Бүх Одод”-ын тоглолт эхлэх мөч ойртсоор байна. Бэлтгэл ажил хэдэн хувьтай байгаа вэ?
-Сайн байна уу. МСБХ-ны 31 дэх жилийн улирал энэ жил эхэлж байгаа. Энэ жилийн манай “Бүх Одод”-ын тоглолт 1 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд болно. Уг арга хэмжээ бол нийт сагсан бөмбөгчдийн баяр наадам гэж бид тодотгоно. Учир нь үндэсний бөхөөр бол бидний Үндэсний их баяр наадам гэсэн үг. Энэ ч утгаараа манай сагсан бөмбөгчид маань ч гэсэн маш хүлээлттэй оролцдог.
-Тамирчдынхаа санал асуулга хэрхэн ямар зарчмаар явагдсан бэ?
-Энэ жил тамирчдынхаа санал асуулгыг онлайнаар авсан. Сагсан бөмбөгийн спорт сонирхогч, жинхэнэ фенүүдийнхээ саналаар тус тоглолтод оролцох тамирчдаа тодруулсан. Мөн нэмээд хэлэхэд багийн менежерүүдийн саналаар сонгогдсон.
Бид бүхэн бол аль болох хүнээс хамааралгүй ингэж сонгогдоно, тэгэж сонгон гэсэн зүйл байхгүй. Бүх дүрмүүдээ олон нийтэд нээлттэй тавиад “Бүх Одод”-ын тоглолтод оролцох тамирчдаа тодруулсан.


-“Бүх Одод”-ын тоглолтыг энтертайнмент шоутай хослуулан зохион байгуулдаг нь үзэгчдийн анхаарлыг маш онцгой татдаг?
-“Бүх Одод”-ын тоглолтын үеэр зохион байгуулдаг нэг онцлог арга хэмжээ нь Селебрити гэйм буюу “Холимог Одод”-ын тоглолт болдог. Бид бүхэн энэ тоглолтод оролцох зочдоо өмнөх ондоо Монгол Улсынхаа нэрийг Олон улсад дуурсгасан, хамгийн супер амжилт үзүүлэн, Монголчуудын бахархыг төрүүлсэн ийм хүмүүсээс ер нь сонгож, оролцуулдаг. Ингэхдээ салбар бүрээ аль болох урьж оролйуулахыг хичээдэг. Зөвхөн спорт гэхгүй, урлаг соёлын салбар, оюуны спортынхон гээд л зочдыг урьдаг.
Аль болох урлаг, спортын салбараас олон төрлөөс нь жигд хамруулахыг хүсдэг.
-Монголын Сагсан бөмбөгийн холбооноос жендерийн асуудалд онцгой анхаардаг санагддаг. Дээр нь энэ удаад паралимпын наадамд амжилттай оролцож, нэрээ дуурсгасан эмэгтэй тамирчин урьсан нь шинэлэг байлаа?
-Мэдээж манай холбоо жендерийг маш их анхаарч ажилладаг. Тэгээд эмэгтэй лигээ тогтмол зохион байгуулж байгаа гэдэг ч юм уу, олон улсын хэмжээнд эмэгтэй тамирчдаа, эрэгтэйтэйгээ адилхан оролцуулдаг ч гэдэг юм уу. Энэ утгаараа яг жендерийн тэгш байдлыг хангах, бүх хүмүүстээ яг жигд хандахыг хүсдэг.
Ер нь холбооны болон лигийн үндсэн бодлогын хүрээнд хүмүүсээ сонгоод, ажиллаж байгаа.
-Үндэсний дээд лигийн улирал ямар шатандаа явж байна вэ?
-Одоогийн байдлаар эмэгтэй баг маань Плей-офф эхэлчихсэн. “Улаанбаатар Амазонс” баг финалд шалгарчихсан. Дараагийн тоглолтууд нь үргэлжлээд явж байна.
Эрэгтэй лигийн тоглолтуудын хувьд 10 баг арвуулаа маш хүчтэй өрсөлдөөнтэй байна. Энэ жилийн онцлог бол 10 дугаар байранд орсон баг М Хөгжлийн Лиг рүү доошоо унаад, 9 дүгээр байранд орсон баг Плей-оффт үлдэнэ.
Лигийн сүүлийн байранд явж байгаа багууд маш ойрхон амжилттай явж байгаа. Ер нь улирлын сүүлийн тоглолт болгон маш өрсөлдөөнтэй, бүгдийнх нь дараагийн шатад шалгарах эсэхиийг шийдвэрлэхээс авхуулаад маш хариуцлагатай тоглолтууд болж байна. Ер нь бол маш сонирхолтойтой улирал явагдаж байна.


-М хөгжлийн лиг улам бүр чанаржиж, гал гарсан өрсөлдөнөөр дүүрэн байгаа?
-Манай М Хөгжлийн Лиг маш өрсөлдөөнтэй явж байгаа. Мэдээж бас Хөгжлийн лигийн багууд маань дээшээ өгсөж, Дээд лигт оролцохыг хүсэж байгаа. Энэ жилийн хувьд Монголын Сагсан холбоо, Олон улсын Сагсан холбоо буюу ФИБА-д элссэний 25 жилийн ой тохиож байна.
Бид нар “Бүх Одод”-ын тоглолтын үеэр 25 жилийн ойн концепцын хүрээнд хийж буйгаараа онцлог. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд “Холимог Одод”-ын тоглолтоос гадна бид нар энтертайнмет шоу арга хэмжээнүүдийг олон зохион байгуулдаг.
Айсинг Стар буюу тухайн жилийн драфтаар орсон тоглогчдын тоглолтыг бас өнгөрсөн жилээс зохион байгуулдаг болсон. Бид нар 2 жилийн өмнөөс шинэ тоглогчдыг драфтын журамтай болсон учраас энэ тоглолтыг ингээд хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр залуу тоглогчдын өрсөлдөөн жинхэнэ өрнөнө гэсэн үг. Үүнээс гадна үндсэн тоглолтууд болно. Яг л олон улсын лигүүдийн жишгүүдээс бид нар судалж байгаад энэ жишгийг нэвтрүүлж буй.
“Бүх Одод”-ын тоглолтод оролцох тамирчин гэхэд л хамгийн дээд тал нь 20 гаруй мянган хүний санал авсан байх жишээтэй.
-BCH Knigths багийн ахлагч О.Эрдэнэцогт “Бүх Одод”-ын тоглолтод 2 дахь удаагаа сонгогдсон нь онцгой байлаа?
-Тийм. Энэ жилийн хувьд О.Эрдэнэцогт, Г.Дөлгөөн хоёр бүсээ тэргүүлээд хоёулаа гараад хүнээ сонгосон. Тэгвэл эмэгтэй дээр Б.Ариунцэцэг, О.Хулан хоёр шалгарсан. Тэгээд багийнхаа тоглогчдыг бусад шалгарсан хүмүүсээс сонгосон.
О.Эрдэнэцогтын хувьд 2 дахь жилдээ дараалан “Бүх Одод”-ын тоглолтын багийн ахлагчаар сонгогдож байна. Тэгэхээр түүний хувьд ямар их фентэй, үзэгчдийнхээ ямар их хайрыг татсан тоглогч вэ гэдгээ 2 жил ингэж харуулж байгаа.
Мэдээж хэн нэгнээс хамааралтайгаар сонгогдоогүй гэдэг ч юмуу, холбооноос ч юм уу сонгоогүй, яг л фенүүд, багийн удирдлагууд, ахлах дасгалжуулагчдаас авсан саналаар тодорч байна гэдэг нь гайхалтай. Яг л энэ жилийн манай супер тоглогчид гэж хэлж болно.


-Та бүхний нэгдмэл зорилгыг сонирхоё?
-Бид нар нэг зорилго, нэг ирээдүй рүү тэмүүлж яваа. Сагсан бөмбөг бол бидний үндсэн ажил. Үүнээс гадна бид нар “Бүх Одод” болон “Холимог Одод”-ын тоглолтыг зориод ирсэн үзэгчдийг хэрхэн яаж хөгжилтэй байлгах, яаж энтертайнмент байлгах вэ, сонирхолтой байлгах вэ гэдэг концепцийг жил бүр барьж ажилладаг. Мөн жил бүр шинэ зүйл санаачилж явахыг хичээдэг. Энэ жил бид нар тусдаа гаднаас мэргэжлийн найруулагч аваад, бүгдийг нь ингээд яг зохиолын дагуу бэлтгэл ажлаа ханган, үзэгчдийг хаппи байлгах, тэрэн дээр нэлээн сайн анхаарч байна. Ирж үзэх үзэгчдэд хэлэхэд бид нар тодорхой хэмжээний сюрпризүүдийг бэлдсэн байгаа.
Та бүхэнд таалагдаж, сэтгэл дүүрэн баяртайгаар, сагсан бөмбөгийн баярыг хамтдаа тэмдэглэнэ гэдэгт их итгэж байна аа.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлага БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






