
Саудын Араб улсад үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли” уралдааны хоёрдугаар хагас буюу долоо дахь дараа өчигдөр боллоо. Энэ өдөр нийт 877 км-ийн уралдааны цаг тооцох 459 км зам байсан.
Хайрга, шороон зам, элсэн манхан гэсэн хүнд сорилттой замд “Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 30 минут 19 секундын амжилтаар нийт тамирчдаас 21, Ралли-2 ангилалдаа 11 дүгээр байрт жагсав.
Түүний хувьд барианд орсныхоо дараа “Дажгүй яваад ирлээ. Мотоцикл маань сайхан байлаа. Салхи ихтэй байсан учраас замын харагдаж сайн байсан. Гарын хаван бага зэрэг буусан. Элс нь өмнөхөө бодвол нарийн ширхэгтэй учраас зуурч байна. Нэг мэдсэн 161 км/цагийн хурдтай явж байна. Бараг торгуулсан байх” гэв.
Тэгвэл олон улсын хэмжээний мастер П.Мөрөн 4 цаг 52 минут 28 секундээр нийлбэр дүнгээр 32, Ралли 2 ангилалдаа 22 дугаар байр эрэмбэлэгдэж эхэллээ. Тэрбээр “Элсэн манхны уруу ганц годройтож унасан. Гүйцэж түрүүлэх нь маш их эрсдэл дагуулдаг ч рулийн амартизатор маань аминд орлоо. Үндсэн уралдаанаа дуусгаад буцах замдаа жаахан үүрэглээд байхаар нь бага зэрэг унтсан. Ямартай ч байраа бага багаар урагшлуулсаар л байна. Өнөөдөр бас жаахан алдаа гаргалаа. Гэхдээ алдаанаасаа суралцсаар л явна” хэмээн ярилаа. Долоо дахь гарааны мотоциклийн төрөлд Аргентиний Лусиано Бенавайдес түрүүлж, Испанийн Эдгар Сэйнэт, Францын Адриан Ван Беверен нар удааллаа.
Өнөөдрийн найм дахь гараа Вэйд-Адь-Дэвашир хотод болно. Тус гарааны суурингийн замд 589 км бол уралдааны цаг тооцох нь 326 км байх аж. Нийт замын 52 хувь нь хатуу шороо, 35 хувь нь элсэрхэг, 10 хувь нь элсэн манхан, 3.0 хувь нь хад асгатай байх юм байна.



















