
Дорноговь аймаг нарийн мэргэжлийн эмч, англи хэл, математикийн шилдэг багш нарыг орон нутагтаа ажиллуулах зорилгоор орон сууцаар үнэ төлбөргүй хангах бодлого хэрэгжүүлж байна. Ингэхдээ таван жил тогтвортой ажиллах нөхцөл тавьж, энэ шаардлагыг хангасан тохиолдолд амьдарч буй байрыг нь шууд өмчлөлд нь шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 21 өрх дээрх нөхцлөөр байртай болжээ.
Тус аймаг түрээсийн орон сууцаас гадна орон нутагт ажиллахаар ирсэн ганц бие залууст зориулж “Single apartment” төслийг энэ онд эхлүүлэх гэж байна. “Single apartment” төсөл нь орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх хүртлээ 1-5 жил зөвхөн хэрэглээний зардлаа төлж, үнэ төлбөргүй амьдрах боломжийг залууст олгох юм.
“Single apartment” нь бүрэн тохижилттой, ганц бие хүнд зориулагдсан 18-20 мкв байр юм. Өөрөөр хэлбэл өмсөх хувцас, төгссөн сургуулийн дипломтойгаа ирэхэд л хангалттай гэж аймгийн удирдлагууд Ерөнхий сайд Г.Занданшатарт танилцуулсан байна. Уг төсөлд хамрагдах залууст Дорноговь аймагт зургаан сараас дээш ажилласан, НДШ төлдөг байх гэсэн шалгуур тавих юм байна.






