
АНУ-ын Лос Анжелес хотын The Beverly Hilton зочид буудалд кино урлаг, телевизийн салбарын шилдгүүдийг тодруулах 83 дахь удаагийн Golden Globes Awards шагнал гардуулах ёслол болж байна.
CBS суваг болон Paramount+ стриминг үйлчилгээгээр шууд нэвтрүүлж буй уг шагнал гардуулах ёслолын хөтлөгчөөр хоёр дахь жилээ дараалан комедиан Никки Глейзер ажиллажээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд найруулагч Пол Томас Андерсоны “One Battle After Another” уран сайхны кино 9 төрөлд, Йоаким Триерын “Sentimental Value” УСК 8 төрөлд, Райан Күглерийн “Sinners” 7 төрөлд нэр дэвшсэн бол телевизийн бүтээлүүдээс “White Lotus”, “Adolescense” зэрэг цувралууд хамгийн олон төрөлд нэр дэвшжээ.
Өнгөрсөн жил хит болсон Netflix-н “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино Шилдэг хүүхэлдэйн киногоор шалгарч, тус хүхэлдэйн киноны “Golden” дуу Шилдэг дуугаар тодорчээ.
Уран сайхны киноны Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчнээр “If I Had Legs I’d Kick You.” киноны гол дүрийг бүтээсэн Рөүз Бирн, Мюзикл эсвэл Инээдмийн киноны Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг “Marty Supreme” киногоор Тимоти Шаламе хүртжээ.
“One Battle After Another” киногоороо Пол Томас Андерсон Мюзикл эсвэл Инээдмийн Шилдэг уран сайхны кино, Шилдэг зохиол болон Шилдэг найруулагчийн төрөлд ялалт байгуулсан бол Богино хэмжээний Шилдэг цувралаар Netflix-н “Adolescense” шалгарч, тус цувралд хүн амины хэрэг үйлдсэн 13 настай хүүгийн аавын дүрийг бүтээсэн Стивэн Грэм Богино хэмжээний цувралын Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчнээр, сэтгэл зүйчийн дүрд тоглосон Эрин Доэрти Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тус тус хүртжээ.
Телевизийн Шилдэг цувралаар HBO Max сувгийн “The Pitt” цуврал шалгарсан байна. Туц цувралд яаралтай тусламжийн тасгийн эмчийн дүрийг бүтээсэн Ноа Вайл телевизийн цувралын Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртжээ. Яаралтай тусламжийн тасгийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрч буйг харуулсан уг цувралын эхний улирал 2025 онд олон тооны шагнал хүртсэн жил ба өнгөрсөн 7 хоногт тус цувралын 2 дахь улирал эхэлсэн билээ.
Телевизийн Шилдэг инээдмийн бүтээлээр Apple TV-н “The Studio” тодорчээ.
Шилдэг драмын уран сайхны киногоор Умард Ирландын зохиолч Мэгги О’Фаррелын “Hamnet” романаас сэдэвлэн бүтээсэн “Hamnet” УСК шалгарч, тус түүхэн эмгэнэлт кинонд яруу найрагч Уиллиам Шекспирын гэргийн дүрийг бүтээсэн Жесси Бакли драмын уран сайхны киноны Гол дүрийн Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.






