
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол улсын хэмжээнд найм, нийслэлийн хэмжээнд хоёр, хөдөө орон нутагт зургаан тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдлын хувьд 13861, нийслэлд 11410, орон нутагт 2445 боллоо. Тухайлбал эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 46, гэрээр эмчлүүлж буй 33 хүн байгаа бол биеийн байдлын хувьд дунд зэргийн 49, хүнд хэлбэрийн долоо хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5173 хүрсэн байна.
Мөн 0-4 насны 3252, 5-9 насны 1799, 15-19 насны 1742 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлж, улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол дархлаажуулалтад хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1963 оноос хойш дэлхий даяар олон арван жилийн турш хэрэглэж ирсэн бөгөөд аюулгүй, үр дүнтэй нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 улс, орон энэхүү вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглаж, улаанбурхан өвчнөөс үүдэх өвчлөл, нас баралтыг эрс бууруулсан байна. Вакцин нэвтрэхээс өмнө дэлхий дахинд жил бүр 30 сая орчим хүн улаанбурханаар өвчилж, хоёр сая гаруй хүн нас бардаг байсан бол вакцины өргөн хэрэглээний үр дүнд 2025 онд улаанбурхан өвчний 10 сая тохиолдол, 95 мянган нас баралт бүртгэгдсэн гэдгийг мэргэжлийн байгууллагаас мэдээллэв.






