
Бээжин: Улс орнууд “цагдаа, шүүгч”-ийн дүрд тоглож байгааг зөвшөөрч болохгүй гэв
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Пакистан улсын Гадаад харилцааны сайд Ишаг Дартай Бээжин хотод хийсэн уулзалтынхаа үеэр Венесуэл улсад үүссэн нөхцөл байдлын тухайд ямар ч улс орон “цагдаа, шүүгч”-ийн дүрд тоглох эрхгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр, “Бид улс орнууд цагдаа эсвэл шүүгчийн дүрд тоглож болно гэж хэзээ ч үзэж байгаагүй, мөн үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улс орнуудын тусгаар тогтнол нь олон улсын хууль журмын дагуу хамгаалагдсан байх ёстой.” хэмээн мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагийн шөнө АНУ Венесуэлд цэргийн тусгай ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог гэргийн хамт баривчилсан юм. 63 настай Н.Мадуро шүүх хурлаа хүлээн Нью Йорк хотын Бруклин дэх цагдан хорих төвд хоригдож байгаа билээ. 2017 онд АНУ болон АНУ-ын түнш орнууд Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ тогтоосноос хойш дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ Венесуэлийн худалдааны гол хамтрагч болсон юм. 2024 онд л гэхэд Бээжин Венесуэлээс 1.6 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Импортолсон нийт бараа бүтээгдэхүүний тал орчим хувийг газрын тос эзэлж байна. 2018 оны байдлаар Хятадын төрийн өмчит газрын тосны үйлдвэрүүд Венесуэлд 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
2023 онд Бээжин, Каракас хоёр бүх талын харилцан ашигтай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Ерөнхийлөгч Н.Мадурогийн дэглэмийг унагасан нь Хятад-Венесуэлийн харилцааны хувьд том хэмжээний сорилт болох төлөвтэй байна.






