
Зарим асуулт анхандаа зүгээр нэг мэндчилгээ шиг санагддаг. Харин олон жилийн турш давтагдвал хүний дотор эвгүйхэн үлддэг юм байна.
“Бие нь гайгүй юу?” гэдэг асуулт ч тийм асуултуудын нэг.
“Гашуун яриа”-гийн энэ удаагийн дугаарт бид өвчний тухай дэлгэрэнгүй ярьсангүй. Харин өвчинтэй нүүр тулсан хүний амьдрал яаж өөрчлөгддөг, юуг чухалчилж, юунаас татгалздаг болдгийг нь сонслоо.
Нөхөр, гурван хүүхдийн ээж Ж.Оюунбаяр хүнд оноштойгоо тэмцэж яваа ч өөрийгөө өрөвдүүлэхийг хүсээгүй. Тэр зовлонгоо чимэглээгүй, бас нуусангүй. Зүгээр л туулж ирсэн замаа, ойлгож авсан зүйлсээ бодитоор ярьсан юм.
Энэ бол дүгнэлт хийх яриа ч биш, хэн нэгэнд юм ойлгуулах оролдлого ч биш.
Зүгээр л амьдралынхаа нэг хэсгийг ингэж туулсан хүний яриа. Ийнхүү Ж.Оюунбаярын “Гашуун яриа” нэвтрүүлэгт оролцсон яриаг буулган та бүхэндээ хүргэж байна.
“Бие нь гайгүй юу?”
Энэ асуултыг сонсоод арваад жил болж байна. Сүүлийн үед бүр ч олон давтагдах болсон. Анхандаа “гайгүй, сайн” гэж хариулаад л өнгөрдөг байлаа. Харин сүүлдээ “бие нь дажгүй юу?” гэхэд нь дажгүй биш, онц гэж маазраад өнгөрдөг болсон. Өөрийгөө хамгаалж байгаа нэг хэлбэр нь тэр.
Намайг Ж.Оюунбаяр гэдэг. Нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг.
Миний өвчин бол цусны төрлийн булчирхайн хорт хавдар. Цусны өвчин дотроо хоёр ангилалтай байдаг юм байна лээ — цусных, булчирхайнх. Минийх аль хэдийн тархчихсан, дөрөвдүгээр шатандаа орсон байсан. Нарийн шинжилгээ өгөхөд долоо, найм ч биш, бүр арван хэдэн хавдар тархсан нь тодорхой болсон. Ингээд зургаан сараас эмчилгээгээ эхэлсэн.
Өвчин өөрөө хүнд. Гэхдээ түүнээс илүү тухгүй болгодог зүйл нь хүмүүсийн хандлага.
“Яана аа, бие нь яаж байна?”
Яг л маргааш нь муу юм болох гэж байгаа хүнтэй харьцаж байгаа мэт.


Зарим нь “ингэ, тэг” гээд тулгаад зөвлөдөг. Зөвлөж байна уу, загнаж байна уу, хайрлаж байна уу — ялгагдахгүй. Хэт тулгасан хайр, хэт их анхаарал заримдаа үнэхээр хэцүү.
Үнэхээр өвдөөд, маш их шаналж байх үедээ “Маргаашийн нар ямар байх бол?” гэж боддог байсан. Маргааш өвдөлтгүй сэрэх болов уу, би одоо яах вэ гэж. Тэр үед би ганцаараа биш гэдгээ ойлгосон. Эргэн тойронд маань надтай адилхан өвдөж байгаа хүмүүс олон байсан.
Тийм үед замын түгжрэл, жижиг сажиг зүйлд хүмүүс яагаад ингэж их стрессддэг юм бол гэж бодогддог болсон. Надад бол тэр бүхэн утгагүй санагддаг болсон.
Олон хүн намайг цоглог гэж хэлдэг. Гэхдээ би 100 хувь цоглог байж чаддаггүй. Шантрах, болимоор үе байсан. Харин тэр үеэ аль болох богино байлгахыг л хичээсэн.


Анхны үзлэгтээ ороод “эдгэнэ” гэдэг үгийг сонсох хүртэлх хэд хоногт “Яагаад заавал би?” гэж бодсон. Би өөрийгөө хүмүүст тусалдаг, эерэг байхыг хичээдэг, муу зүйл нийтэлдэггүй хүн гэж боддог байсан. Тэгээд л яагаад гэж. Дараа нь ойлгосон.
Хүний амьдрал бол хүний л амьдрал. Миний амьдрал бол минийх. Энэ хүн ингэж зовно, би ингэж зовно. Ялгаа нь ердөө л энэ. Ингэж бодоход арай амар болсон.


Одоо жижигхэн сэгсийсэн хэдэн хялгас ургаж байгаа нь хүртэл гоё мэдрэмж.
Өмнө нь урт үстэй байхдаа авхуулсан зургууд одоо надад маш үзэсгэлэнтэй харагддаг. Хүн өөртөө байгаа сайхан зүйлээ алдахаасаа өмнө мэдэрдэггүй юм байна.
Өвдөж байгаагаа мэдсэн ойр дотнын хүмүүс сэтгэл зүйгээрээ хамт өвддөг. Яаж харьцахаа мэдэхгүй айдсаар дүүрдэг. Тиймээс би өөрийнхөө үг, үйлдлийг их хянадаг байсан. Тэднийг тэр дарамтад оруулахыг хүсээгүй.


Эмнэлэгт байхдаа “энэ тасгийн хүн өнгөрлөө”, “тэр хүн найдваргүй” гэх үгсийг сонсох бүрт жижиг сажиг зүйлд бид ямар их цаг, мөнгө, сэтгэлээ үрж байгаагаа ойлгосон. Өвчтэй хүний хувьд бидний өдөр тутмын зовлон үнэхээр өчүүхэн юм билээ.


Саяхан том охиноо тэвэртэл аль хэдийн надаас том болчихсон байсан. “Бага байхад нь илүү сайн тэврэх юм сан” гэсэн бодол байнга орж ирдэг.
Хэрвээ цаг хугацааг буцааж болдог байсан бол би илүү их мөнгө олохыг хүсэхгүй. Илүү их тэврэхийг л хүсэх байсан.
Тиймээс нэг л зүйлийг хэлмээр байна.
Та нарын өнөөдөр үхэн хатан зүтгээд байгаа зүйл амьдралынхаа эцсийн мөчид очиход хэр үнэтэй вэ гэдгийг нэг бодоод үзээрэй.








