
Монголын Урлагийн Зөвлөл, АНУ-ын ЭСЯ, World Monuments Fund, Эрдэнэ Зуу музей хамтран Эрдэнэ Зуу хийдийн “Алтан суварга”-ийн сэргээн засварлах төслийг хэрэгжүүлнэ.
2025 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр шалгарсан Эрдэнэ Зуу хийд нь уур амьсгалын нөлөө, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож 2 жилийн турш олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн департаментын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаас Эрдэнэ Зуу хийдийн “Алтан суварга”-ийн сэргээн засварлах төслийг санхүүжүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.
Тус буцалтгүй тусламжаар соёлын өвийн мэргэжилтнүүдийн зөвлөх багийг бүрдүүлэх; иж бүрэн баримтжуулалт болон нөхцөл байдлын судалгаа хийх; хангамж, материал худалдан авах; “Алтан суварга”-ыг сэргээн засварлах, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтууд зэрэг хадгалалт хамгаалалттай холбоотой олон төрлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
Монголын Урлагийн Зөвлөл, Дэлхийн Хөшөө Дурсгалын сан, “Эрдэнэ Зуу” музей хамтран Эрдэнэ Зуу Хийдийн “Алтан Суварга”-ийн сэргээн засварлах төслийг 2026 – 2028 онд хэрэгжүүлнэ.








