
Томчууд гэх томьёотой толгой олон. Тэр дунд үнэнхүү хүүхдээ хайрладаг, хамгаалдаг, халамжилдаг нь хэд бол?
Өөрийн ч өрөөлийн ч хүүхдэд санаа зовних зүрх сэтгэлтэй нь хэр их бол?
Он цаг өөрөө эргэлдэж, цаг хугацаа аясаараа улиран одно. Болж л байдаг шинэ жил, байсаар ч байх шинэ он. Өнгө, өнгийн чимэглэлд хууртан түр зуурын догдлолд бид өөр ертөнц гэлтэй хүний ёсноос гажууд хүрээлэлд өсөж том болж буй бяцхан үрсийг хэрхэвч мартаж болохгүй. Тэдний хүсэл мөрөөдөл, чин сэтгэлийг ямагт сонсож амар амгаланд хөтөлж байх учиртай. Гэвч бид тэгж чадаж байна уу?

Хүүхдийн төлөө гэх лоозон хэр удаан хий хоосон зүйл байх вэ?
Яагаад ч юм өгүүлбэр болгон минь асуултаар төгсөж байна. Үнэндээ хүүхэд насны сайхан гэх дурсамжгүй өсөж байгаа үрсийн өмнөөс хэн юуг бодитой болгов гэдгийг алган дээрээ тавиад үзчихмээр байна. Угаас нүдэнд ил болохоор, чихэнд ойр учраас үүнээс цааш хэрхэхийг л харах үлдлээ.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг хүүхэд халамжийн төв дээр очиж тэднээс өвлийн өвгөнөөс юу хүсэх вэ захидал болгоод бичээрэй гэсэн юм.
Ихэнх үг нь алдаатай ч илтгэхийг хүссэн зүйлээ бичиж, сэтгүүлч надад хураалгав. Эхнээс нь та бүхэнд дэлгэе.
- Сайн байна уу, хүсэл биелүүлэгч өвлийн өвгөн минь. Би 2025 ондоо хийж, бүтээсэн олон зүйлстэй. Энэ жил миний танаас хүсэх зүйл бол намайг болон манай найзуудыг элэг бүтэн, амар амгалан байлгаж өгөөч. Учир нь манай одоогийн энэ улсын төр засгийн байгаа байдал намайг болон бусад хүүхдүүдийг тайван амьдрахад хор хөнөөл учруулж байна.
- Сайн байна уу, өвлийн өвөө. Би аав, ээжтэйгээ хамт байхыг хүсэж байна. Би таван настай байхдаа жаргалтай байсан. Одоо би есөн настай. Гэхдээ жоохон гунигтай байна. Намайг тэдэнтэй минь аз жаргалтай байлгаад өгөөч гуйж байна.


- Өвлийн өвөө намайг гэртэй болгож өгөөч. Ээжтэйгээ амьдарч байгаа айлын хүмүүс намайг болон ах нарыг минь дандаа зоддог. Бас намайг хурдан том болгож өгөөрэй. Ээжийгээ хамгаалмаар байна. Өө нээрээ аавыг минь шоронгоос нь битгий гаргаарай. Тэгвэл ээжийг зодоод дахиад шорон руу явна. Тэндээ ээжийг биш өөр хүмүүсийг зодоод жаргалтай байгаа байх.
- Хүндэт өвлийн өвөө танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та хүүхэд болгоны хүслийг биелүүлдэгт маш их баярладаг шүү. Миний танаас хүсэх зүйл бол хүүхэд бүр, хүн бүр аз жаргалтай байгаасай. Аа бас нэг хүсэх юм нь томчууд бүгдээрээ шударга, энэрэнгүй болоосой.


- Сайн байна уу. Миний хүсэх зүйл бол орчин тойрныг минь гэрэлтүүлэгтэй болгож өгөөч өвөө. Заримдаа аав, ээж хоёрыг зодолдохоор зугтаад аюулгүй газарт очих гэхээр тас харанхуй байдаг. Бас согтуу хүмүүс ихтэй. Би аз жаргалтай инээд хөөртэй сайн охин байсан. Би дараа жил ч сайн охин байх болно оо. Миний хүслийг биелүүлж өгөөрэй.
- Би төрсөн нутагтаа очмоор байна. Өөрийн ах дүү, төрсөн аав дээрээ очиж хөдөө малаа хариулаад явмаар байна. Миний хүслийг биелүүлж өгөөч өвөө.
Утга, агуулга ижил олон захидал дунд тэдний хүсэж буй хамгийн чухал зүйл нь гэр бүлээрээ амар тайван, аз жаргалтай байх. Энгийн атлаа энэ л хүслийг тоолгүй өнгөрөөж үл болом.
Үнэндээ тэдний яриад байгаа өвлийн өвөө нь та, би, бид юм шүү дээ.
Хүүхэд бүрийн хүсэл биелэх болтугай.
Та нартаа шинэ он, шинэ жилийн баярын мэнд хүргэе.






