
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэх гэж байна. Тус дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг заалт нь зөвхөн сэтгүүлчдийг төдийгүй иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг зөрчиж байна гэж Үндсэн хуулийн цэц тогтоосон юм.
Хэрэв Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Эрүүгийн хуулиас 13.14 дүгээр заалт хасагдана. Харин хүлээж авахгүй тохиолдолд уг асуудал Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанд шилжиж, шийдвэр гаргах явц сунжрах нөхцөл үүснэ.
Шинэ оны баярын уур амьсгалтай, олон нийтийн анхаарал суларсан энэ үед уг дүгнэлтийг хэлэлцэж буй нь болгоомжлол төрүүлж байна. Өмнө нь ч эрх баригчид иргэдийн анхаарал сарнисан баяр, наадмын үеэр маргаантай, чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж ирсэн жишээ бий. Энэ удаад ч иргэдийн үг хэлэх, мэдэх эрхтэй шууд холбоотой асуудлыг яг шинэ оны босгон дээр авч хэлэлцэх гэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
“Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь бодит байдал дээр хэн нэгнийг гүтгэлгээс хамгаалахаас илүүтэй төр засгийг шүүмжилдэг, шүүмжлэлт байр суурьтай иргэдийн дуу хоолойг хязгаарлах хэрэгсэл болж хувирсан байна. Судалгаагаар уг заалт батлагдсанаас хойш 1,300 гаруй хэрэг үүссэний 160 орчим нь сэтгүүлчид, үлдсэн нь нийгэмд үзэл бодлоо илэрхийлдэг иргэд байжээ. Харин хувь хүмүүс хоорондоо сошиал орчинд гүтгэлцэж, бодит хохирол учирсан тохиолдол цөөн бөгөөд уг заалтыг өмгөөлөгчид зөвхөн энэ цөөн жишээг барьж тайлбарладаг.
Гэтэл уг заалт хэрэгжсэн хугацаанд гүтгэлэг багассан бодит үр дүн харагдаагүй. Байлаа ч гүтгэлэг арилсангүй, байхгүй боллоо гээд гүтгэлэг огцом нэмэгдэх нөхцөл ч үүсэхгүй. Учир нь гүтгэлэг хүчтэй нөлөө үзүүлдэг нь мэдээллийг хүлээж авч, түгээн дэлгэрүүлж буй олон нийтээс л хамаардаг.
Худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн зөв бодлого нь цензур тогтоох бус, иргэдийг мэдээлэлд шүүлтүүртэй хандах чадварт сургах, олон эх сурвалжаар баталгаажуулж нягталдаг болгох явдал юм.
Үг хэлэх эрхийг хязгаарлах замаар гүтгэлгийг устгах боломжгүй. Худал мэдээлэл хэзээ ч бүрэн алга болохгүй бөгөөд ял шийтгэлээр айлгах нь асуудлыг шийдэх бус, харин хэн нэгнийг яллахад ашиглагддаг хэлбэрт шилжиж байна. Иймээс уг заалтыг хүчингүй болгох санаачилга нь гүтгэгчийг өмөөрөх бус, ардчилсан нийгмийн суурь зарчмыг хамгаалах зорилготой.
Гүтгэгдсэн иргэдийн эрхийг хамгаалах өөр зохицуулалт бий. Иргэний хуулиар нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой ч уг процесс удаан, төвөгтэй байгааг хуульчид онцолдог. Тиймээс эрүүгийн хариуцлагаар шийтгэхээс илүүтэй иргэний эрх зүйн хамгаалалтыг бодитой, үр дүнтэй болгох чиглэлд анхаарах ёстой.” гэв.
Өнөөдөр Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх нь зөвхөн нэг заалтын хувь заяаг бус, Монгол Улсад үг хэлэх эрх бодитоор хамгаалагдах уу, эсвэл хязгаарлагдсаар үлдэх үү гэдгийг шийдэх чухал мөч болж байна.






