
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас БНСУ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний товчоотой хамтран цагдаагийн алба хаагчдыг “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгчид нөлөөлөх нь” сургалтад хамрууллаа. Энэхүү сургалтын тайлан мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас өнөөдөр танилцууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга А.Баяр нээж үг хэлэв. Мөн НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Э.Хулан, Э.Одонтуяа, Б.Ану-Үжин болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагууд, сургалтад хамтрагдсан хүүхдийн байцаагч нар оролцлоо.
БНСУ-д 2000 онд Хүүхдийн сайн сайхны тухай хууль, Дээрэлхэлтийн тухай хуульд хүүхдийн халамжийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ, нөхцөл байдлын өөрчлөлтөд яаралтай хариу үзүүлэх шаардлагын улмаас өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ. Учир нь хүүхэд хамгаалах байгууллагууд нь зөвхөн хүүхдийг түр хамгаалах бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой институц болох үндэслэлийг бүрдүүлэх шаардлагатай байсан тул хуульд өөрчлөлт оруулсан байна. Тус улс одоогоор хүүхэд хамгааллын мэргэжлийн 101 байгууллага, хүчирхийллийн хохирогч хүүхдийн хамгааллын төв 152 байгууллага, ХЭХ- асуудал хариуцсан албан хаагч 885 хүн, ХЭХ асуудал хариуцсан тусгай үүрэг бүхий төв эмнэлэг 409 газар байдаг аж. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага авсан цагаас эхлэн тухайн хэрэг, кэйсийг хаатал нийт 7 үе шатыг хэрэгжүүлдэг байна.
Харин манай улсад сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг багагүй арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, хамгийн сүүлд “365 хоног анхаарч, хайрлая” аяныг хэрэгжүүлсэн байна. Аяны хүрээнд гудамж талбай, орон сууц зэрэг газруудад камер, дэлгэц байрлуулжээ. Үүний үр дүнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд 321 буюу 15.3 хувиар буурчээ. Дээрх сургалтын хүрээнд БНСУ-ын туршлагаас хуваалцаж, хэрэгжүүлж буй арга барил, нөхцөл байдалтай танилцсан байна.







