
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр (2025.12.19) Монголын цахим спортын нэрийн хуудас болсон “The MongolZ” багийг хүлээн авч уулзан, тэдэнд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ. Олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийд өргөж буй “The MongolZ” баг ийнхүү Соёлын элчээр томилогдсон анхны спортын баг болж байна.
Тус баг нь зөвхөн цахим спортын амжилтаараа бус, дэвшилтэт технологи, дижитал орчныг ашиглан Монголын түүх, соёл, үнэт зүйлсийг орчин үеийн хэлбэрээр олон улсад сурталчилж буйгаараа онцлог юм. Ингэснээр дэлхийн залууст Монгол Улсыг шинэлэг, эерэг дүр төрхтэй улс болгон таниулж байна.
“The MongolZ” баг Соёлын элчийн хувиар ажиллах хугацаандаа Монголын уламжлалт соёл, хэл, ахуйг цахим спорт, дижитал контенттой хослуулан сурталчлахын зэрэгцээ, Монгол Улс болон бусад орны соёл, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.






