
Монгол Ардын намын даргын төлөөх тэмцэл нам дотроосоо хальж төр, засаглалын хямралд хүргэж, УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар нь хуваагдаж нийгмээ талцуулан хэдэн сарыг өнгөрөөсний эцэст УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараа огцруулж байж “тайвширцгаасан”.
Харин МАН-ын удирдлагууд нэг талдаа гарсныхаа дараа төрд хийж буй хамгийн өргөн хүрээг хамарсан ажил нь “ТОМИЛГОО” болж байна.
Томилгооны шуурга үргэлжилсээр байгаа…Нэг нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын эзгүй суудалд Өмнөговийн гэх УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг томилсон.
МАН-ын томчууд нүүрсний хулгайч нартай тэмцэж баруун солгойгүй “сэлэмдэнэ” гэж Хууль зүйн, дотоод хэргийн шинэ биш хуучин сайд нь зарлаж, зарим нэг нүүрсчдийнхээ хамаарал бүхий хүмүүсийг барьсан, шалгасан тухайгаа 2 цаг орчин тайлбарлаж, лайвдуулсан байдаг.
“Нүүрсний хулгайч нар”-тай хийх тэмцэл нь начир дээрээ тэмцэл байсангүй.
Учир нь нүүрсний хулгайн сонсголд гэрчээр дуудаж байсан нүүрсчин гишүүн гэгддэг хүнийг байнгын хорооны даргаар томилов.
Тодруулбал, УИХ-ын 12 сарын 05-ны чуулганаар Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг томилсон нь улс төрийн зодооноос холхон байх нь дээр гэж явсан хүн өнөөдөр Байнгын хорооны дарга болсон нь төрд мерит зарчим биш юм гэхэд шударга ёс үйлчилдэггүйг харууллаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хувьд Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар 5 жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 жил, Засаг даргаар 4 жил ажиллаад 2020 оны УИХ-ын сонгуулиар гишүүн болон сонгогдсон. Товчхондоо Өмнөговь аймагтаа олон жил өндөр албан тушаал хашсан нэгэн.
Харин нүүрсний хэргийг нь сөхвөл, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 онд Н.Наранбаатарын “Нүүрсний хулгай”-н хэрэгт гүнзгий хутгалдсаныг хууль хяналтынхан илрүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт яллагдагчаар татсан.
Уг “нүүрсний хулгай”-н хэргийг шалгах явцад түүний 16 объектыг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудаж байцаалт авч байсан түүхтэй.
Мөн тэрээр төрсөн дүү нартайгаар нийлж нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон баримтууд ч дэлгэгдэж байв.
Цаашлаад түүнийг УЕП-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргаж, УИХ-аар хэлэлцсэн ч МАН-ынхан авч үлдсэн.
Нам, улс төрчдийн ивээлд багтаж дураараа дургин, төрийн албан тушаалд ажиггүй залрах МАН-ын нэр бүхий гишүүд зөвхөн түүгээр ч зогсохгүй бий.
Хоёрхон жилийн өмнө нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, бүр яллагдагчаар татагдаж явсан хүнийг төрийн өндөр албанэ тушаалд томилох хэмжээний ой санамжтай Монгол төр буюу Монгол Ардын нам дараа дараагийн томилгоогоо хэн гэгч хүний эрхээрээ хатсан хүүхдүүдийг, намдаа унцтай ноёдыг, нутгийн сайн ах дүү, даргынхаа арыг даадаг нөхдийг хаана ч аваачаад томилчихож мэдэхээр байна.






