
Оюутолгойн хянан шалгах түр хороо хуралдаж, Оюутолгойн сонсголын нэгдсэн тайлан, санал, дүгнэлттэй танилцаж, УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.
Тус хорооноос гарсан санал, дүгнэлт, тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх юм.
“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх” сэдвийн хүрээнд хэрэгжүүлсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгахдаа:
1. Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан, дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүн, холбогдох төслүүдийг Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Г.Занданшатар)-т даалгасугай:
1/”Оюу толгой” стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил заагт орших “Жавхлант”, “Шивээ толгой” ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хууль зүйн үндэслэл, нийцлийг нягтлах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, чингэхдээ ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалтын аливаа үүрэг, хариуцлагыг хүлээхгүй байх нөхцлийг бүрдүүлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хувилбарыг нэн тэргүүнд авч үзэх;
2/Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг харилцан дүгнэж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, Хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг зах зээлийн зарчим, жишигт нийцүүлэн бодитоор бууруулах;
3/Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
4/Төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийн хувь хэмжээ 53%-иас доошгүй байх нөхцлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 5 жил тутамд харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлэх.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг улирал тутам танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Г.Тэмүүлэн/ нарт тус тус даалгасугай.
Ингэснээр Оюу Толгойн сонсголтой холбоотой УИХ-ын тогтоол нэгдсэн чуулганаар батлагдан, албажих боломж бүрдэнэ.
Тогтоолд тусгасан арга хэмжээнүүдийг хуульд нийцүүлэх, 2026 оны намрын ээлжит чуулганд багтаан танилцуулж, шийдвэрлүүлэхийг Засгийн газарт даалгажээ.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, улирал тутам танилцуулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нарт даалгажээ.
Монгол Улсын иргэн бүрийн хүлээж байгаа энэ асуудалд шийдэл болж орж ирэх энэ тогтоол батлагдахгүй удах тусам монголчуудад алдагдалтай. Хойшлох тусам Монголд ашиггүй болох эрсдэл бий.






