
О.Цогтгэрэл: Цаашдаа данхар Засгийн газрын 20 яам, 40 сайдыг болих ёстой
Өчигдөр(2025.12.17) МАН-ын Удирдах зөвлөлөөс яамдын дэд сайд нарын томилгоог танилцуулан, Засгийн газрын хуралдаанаар 16 дэд сайдыг томилсон билээ. Тодруулбал, ТӨК-иуд дахь хяналт, бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цөөлж, оронд нь дэд сайд нарыг томилж буй. Мөн өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс дэд сайд нарын томилгоог эргэн харахгүй бол Засгийн газрыг “огцруулах” арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байсан.
Тэгвэл дөнгөж сая АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй АН-ын гишүүд Ерөнхий сайдын өрөө рүү орж, шаардлагаа хүргүүллээ. Үүний дараа тэд мэдээлэл өглөө.
О.Цогтгэрэл: “Ерөнхий сайд шаардлага хүлээн аваад хуулийн өөрчлөлт дээр хамтран ажиллая гэсэн саналыг хэллээ. Мэдээж бид нарын хувьд хуулиар байна уу, зарчмаар байна уу, ер нь төрийн албанд томилогдож байгаа, цаашдаа энэ том данхар бүтэц, данхар Засгийн газрын 20 яам, 40 сайдыг болих ёстой. Тэр тусмаа энэ дэд сайдыг болих ёстой гэсэн шаардлагыг бид нар тавьж байгаа. Саяны шийдвэрийг бид нар бүлгийн хурлаар дахиин ярилцаж, хэлэлцэнэ” гэв.
Б.Пүрэвдорж: ААН-үүдийн үйл ажиллагаа маш их доголдож байгаа. Бизнес эрхэлж буй хувь иргэдийн үйл ажиллагаа ч маш их доголдол үүсэж байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 3,4 их наяд төгрөгийн татварын өртэй явж байгаа.
Нийт 20 мянган аж ахуй нэгж хаалгаа барьсан байна. 28 мянган аж ахуй нэгж дансаа хаалгасан байна. Гэтэл их өрөө гадаад бонд 2,2 их наядын бонд, дотоод бонд 500 тэрбум төгрөг, дээрээс нь 700 тэрбум төгрөгийн гадаад зээл авч, энэ төсвийн бүх алдагдлаа нөхөж байна. Өрнөөс өрийн хооронд Монголчуудыг амьдруулж бас явуулж байна. Монголчуудын 1 хүнд ногдох өр 45-50 сая төгрөг хүрчихлээ. Ийм нөхцөл байдалд, ААН-үүдийн нөхцөл байдал маш хүндэрсэн энэ үед төрийн данхайлгаж, албан тушаалтнуудыг нэмж буй нь иргэдийн төрд итгэх итгэлийг байхгүй болгож байна” гэлээ.
Шууд БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






