
2029 оноос Оскарын шагнал гардуулах ёслол зөвхөн YouTube-ээр цацагдаж эхэлнэ
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол 2029 оноос эхлэн зөвхөн YouTube платформоор цацагдаж эхлэхээр болжээ. АНУ-ын Кино урлаг ба Шинжлэх ухааны академи өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ YouTube компанитай Оскарын шагнал гардуулах ёслолыг 2033 он хүртэл дамжуулах онцгой эрхийг олгох гэрээ хийсэн гэдгээ зарлажээ.
Оскарын шагнал гардуулах ёслолыг 1976 оноос хойш Америкийн ABC суваг нэвтрүүлж байсан бол 2029 оноос Америкийн кино академийн шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтыг кино сонирхогчид YouTube-ээс үнэгүй үзэх боломжтой болно. Оскарын шагнал гардуулах ёслолын шууд дамжуулалтын үзэгчдийн тоо хэдэн 10 жилийн өмнөөс тасралтгүй буурсан үзүүлэлттэй байгаа ба шагнал гардуулах ёслолыг YouTube-ээр цацаж эхэлснээр залуу үзэгчдийн тоог нэмэгдүүлж чадна гэж талууд үзэж байгаа аж.
YouTube компанийн Гүйцэтгэх захирал Нил Мохан Оскарын шагнал гардуулах ёслол нь соёл урлагийн чухал институцийн нэг гэдгийг онцолж, Америкийн кино академитай хамтран ажиллаж эхэлснээр Оскарын шагнал гардуулах ёслолын өвийг хадгалж үлдэхийн зэрэгцээ бүтээлч, кино урлагт хайртай шинэ үеийнхэн бий болно гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Үзэгчид кино болон шоу нэвтрүүлгүүдийг стриминг үйлчилгээгээр үзэхийг илүүд үзэх болсонтой холбоотойгоор Америкийн кино урлагийн салбарын үйлдвэрлэл буурч, зарим кино студиуд хаагдаж, зарим нь хоорондоо нэгдэж эхлээд байгаа юм. Хамгийн сүүлд Netflix компани Warner Bros. Discovery компанийн кино студийг, HBO Max стриминг үйлчилгээнийх нь хамт худалдан авах санал тавиад байгаа билээ.






