
Багын найзууд 55 мянган ам.долларын үнэд хүрэх алмаз чулуу олжээ
Алмаз чулуугаараа алдартай Энэтхэгийн Панна хотод амьдардаг багын найзууд Сатиш Хатик, Сажид Мохаммед нар үнэт чулуу олборлохоор түрээслэсэн газраасаа 5-6 сая рупи буюу 55 000-66 000 ам.долларын үнэд хүрэх, 15.34 карат алмаз чулуу олжээ.
24 настай С.Хатик махны дэлгүүр ажиллуулдаг ба 23 настай С.Мохаммед жимс зардаг аж. Найзууд ядуу гэр бүлээс гаралтай ба айлын бага хүүхдүүд аж. Мадхья Прадеш мужид амьдардаг олон айл өрхүүдийн адил С.Хатик, С.Мохаммед нарын гэр бүлийнхэн алмаз чулууны төлөө хэдэн үеэрээ газар ухаж, шавар шавхайтай зууралджээ.
Мадхья Прадеш мужийн Панна хот нь Энэтхэгийн хамгийн буурай хөгжилтэй хотуудын нэг хэдий ч Энэтхэгийн алмаз чулууны хамгийн их нөөцтэй газар юм. Мадхья Прадеш мужид үйл ажиллагаа явуулж буй үнэт чулууны уурхайнуудын дийлэнх нь төрийн өмчит хэдий ч мужийн захиргаа зарим газруудыг орон нутгийн иргэдэд хувиараа алмаз чулуу олборлоход зориулж түрээсэлдэг аж.
Ажилгүйдэл, ядууралд автсан иргэд үнэт чулуу олж, амьдралаа өөд нь татах хүсэл эрмэлзлээр газар ухаж, үнэт чулууны эрэлд гардаг ч ихэнх нь гар хоосон буцах нь элбэг байдаг байна. С.Хатик, С.Мохаммед нар ч мөн ажлаа тарсныхаа дараа нүцгэн гараараа газар ухаж, гаргаж ирсэн шороогоо угааж, хатсан хойно нь олон мянган чулуун дотроос эрдэнийн чулуу хайж олох ажилд шамдан орсон ба өндөр үнэд хүрэх алмаз чулуу олж чадсан цөөн хэдэн азтай хүмүүсийн нэг болжээ.
Эрдэнийн чулуу олсондоо найзууд маш баяртай байгаа ба эгч нарыгаа хүнтэй суулгах боломжтой боллоо хэмээн ярьжээ.






