
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинээс Хонконгийн тэрбумтан Жимми Лайг суллахыг хүссэн талаараа дурджээ.
Тэрээр өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Жимми Лай Хятадын Үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр бүх насаар хорих ял авч болзошгүй тухайд, “Би энэ талаар Ерөнхийлөгч Си Жиньпинтэй ярьж, Жимми Лайг суллахыг хүссэн. Настай хүн шүү дээ, бас бие нь тааруу байгаа. Тийм ч учраас Хятадын Ерөнхийлөгчид ийм хүсэлт гаргасан. Юу болохыг нь харж л байя.” гэжээ.
АНУ-ын Төрийн тэргүүний албан тушаалд томилогдохоосоо өмнө Д.Трамп Хонконгийн ардчилсан Apple Daily сонины редакцыг үүсгэн байгуулагч Жимми Лайг суллуулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан билээ. Тэрээр өнгөрсөн 10-р сард Си Жиньпинтэй БНСУ-д уулзахдаа уг асуудлыг хөндсөн байж магадгүй аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Хонконгийн шүүхийн шийдвэрээс Бээжин үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө дуугарч буй хүмүүсийг дуугүй болгох зорилготойг харж болно гэжээ. Ингэхдээ Их Британи улс 1997 онд Хонконгийг БНХАУ-д эргүүлэн өгөх үед Бээжин Хонконгийн засаг захиргаа, шүүх засаглалыг БНХАУ-аас хараат бус байлгана гэж амласныг сануулжээ.
Марко Рубио, “1800 гаруй өдөр хоригдсоны үр дүнд Жимми Лайн эрүүл мэнд муудсан. АНУ Хятадын эрх баригчдаас энэхүү харгислалаа аль болох хурдан зогсоож, Жимми Лайг хүмүүнлэгийн үндэслэлээр суллахыг шаардаж байна.” хэмээн мэдэгджээ.
Олон улсын байгууллагууд, улс орнуудын удирдлагууд, хүний эрхийг хамгаалах байгууллагууд Жимми Лайг шүүхээс буруутай гэж тогтоосныг хатуу эсэргүүцэж байгаа юм.
Жимми Лайн охин Клэр Лай даваа гарагт болсон шүүх хурлын дараа Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа суллагдсан тохиолдолд аав нь үлдсэн амьдралаа улс төрд бус бурхан шашин болон гэр бүлдээ зориулна гэдгийг онцолжээ. Тэрээр, “Аав маань одоо гэр бүлийнхэнтэйгээ л хамт байхыг хүсэж байгаа. Үлдсэн өдрүүдээ бурханд үйлчилж, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлнэ гэдгийг итгэлтэй хэлье. Миний аав хууль бус зүйл хийх хүн биш.” хэмээн ярьжээ.
78 настай Жимми Лайг 2020 оны сүүлээр барьж, хорьсон билээ. Чихрийн шижин өвчтэй түүнийг өнгөрсөн даваа гарагт шүүхээс түүнийг Үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчсөн, үймээн самуунд турхирсан хэрэгт буруутай гэж шийдвэрлэсэн юм.
Эх сурвалж: The Guardian






