
МҮХАҮТ-аас бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэвийн явуулах, бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бодитойгоор бууруулах татварын бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа талаар мэдэгдэл гаргажээ.
Уг мэдэгдэлд,
“2025 оны санхүүгийн жил дуусаж байгаа энэ үед татварын өр, татварын орлогын төлөвлөгөөтэй холбоотой төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх байгууллагын улс төрийн шинжтэй, нэгдмэл бус, ялгаатай мэдээ мэдэгдлийг олон нийтэд түгээсний улмаас аж ахуйн нэгж, байгууллагууд үр дагавар, хүндрэлийг нь үүрэх нөхцөл байдал үүсэж байгаад харамсаж байна.
Нэг талаас “эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх тухай” байр суурь илэрхийлж, нөгөө талаас улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоонд өршөөл хортой бөгөөд татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүсгэхгүй байхыг уриалж, Татварын ерөнхий газрын дарга нь “Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол дансыг нь хаах арга хэмжээ” авах тухай мэдэгдлээ.
Сүүлийн хэдэн жилд дэлхий дахинаа тохиолдсон цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал, ОХУ ба Украйн хоорондын дайнаас үүдэлтэй геополитикийн нөхцөл байдал болон Америк Хятадын худалдааны харилцаанаас шалтгаалсан бизнесийн орчны өөрчлөлт дунд үйл ажиллагаа үргэлжлүүлэн, ажлын байраа хадгалан улс орны эдийн засгийн ачааллыг үүрэлцэж яваа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хориг хязгаар тавих биш дэмжлэг үзүүлэх нь юунаас чухал байна.
Иймд,
- татвар төлөх хугацааг хойшлуулах замаар аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж олгох,
- Татварын тухай хуулийн 22-р зүйлийн 22.9 дэх “татварын хөнгөлөлт”-тэй холбоотой заалтын хэрэгжилтийг хангуулах,
- НӨАТ-ыг мөнгөн сууринд шилжүүлэн төлүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авах,
цаашлаад бизнес эрхлэгчдийн татварын ачааллыг бууруулах татварын бодлого ба хууль эрх зүйн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаar мэдэгдэж байна” гэжээ.







