
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг,
авто болон мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026” уралдаан эхлэх мөч ойртож байна.
Дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 7500 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлийн гайхамшгийг харуулдаг мото болон автоспортын хамгийн том олимп бол “Дакар Ралли” юм. “Дакар Ралли 2026” ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Саудын Арабын Янбу хотод болох бөгөөд мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрөлд 130 оролцогчтойгоор хөшгөө нээнэ.
Харин энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас мото спортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорихоор бэлтгэж байна.
Аавынхаа хичээллэж асан мото спортын замналыг үргэлжлүүлж яваа МУГТ Э.Халинуболд 2019 онд авсан гэмтлийнхээ улмаас спортоос багагүй хугацаанд завсарлага авсан байлаа. Харин эргэн өөрийнхөө бүх л амьдрал, цаг хугацаагаа зориулан, аавынхаа залгамж болж яваа түүний хувьд “Дакар Ралли 2026” уралдаанд өрсөлдөх зорилгоор цуврал тэмцээнүүдэд ур чадвар, тэсвэр хатуужил, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж, амжилттай оролцож буй. Тэрбээр “Тал нутгаас Дакарт” төслийн багийнхны хамтаар энэ сарын 28-нд Саудын Арабыг зорихнээ.

“Дакар ралли” олон аавын хөвгүүдийн эр зоригийн тулаан
Ингээд бид “Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч Э.Ууган-Эрдэнэтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Түүний хувьд мөн л мото спортоор хичээллэж явсан хоёр дахь үеийн тамирчин юм. Э.Ууган-Эрдэнэ нь 4 дэх “Дакар ралли” уралдааныг зорих гэж байгаа бөгөөд тус уралдаанд Монгол Улсаа төлөөлөн уралдаж байсан тамирчдынхаа бат ар тал болон медиа чиглэлийг хариуцаж байсан туршлагатай нэгэн.


-Сайн байна уу? Дакарыг тун удахгүй зорихнээ. Бэлтгэл сургуулилт, бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?
-Сайн байна уу. “Тал нутгаас Дакарт” төсөл 2025 онд амжилттай хэрэгжээд, хамгийн том даваа буюу 2026 оны 1 сарын 3-нд эхлэх 46 дахь удаагийн “Дакар ралли”-д оролцоход бэлэн болж байна. Бид бүхэн алдарт КТМ брэндийн үйлдвэрийн бараг 2 дугаар баг гэж хэлж болохуйц Дакар багтай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд 2 дахь удаагийн хамтын уралдаандаа оролцоход бэлэн болсон. Баг маань мотоцикл, техник хэрэгслийг үзлэгт нь оруулаад Испанийн Барселонагаас Саудын Араб руу ачуулчихсан.
Бид бүхэн тэмцээн болохоос өмнө зарим ажлуудаа бас амжуулж байгаа. Төслийн хүрээн дэх “Чамп кап” төслүүд хийж амжаагүй учраас түр хойшлуулаад, Дакар уралдаан руу гол анхаарлаа хандуулж байна. Уралдаан эхлэхээс 10-14 хоногийн өмнө очиж, тэндээ дасан зохицох, бэлтгэл ажлаа хангахаар төлөвлөж байсан боловч хараахан санаснаар болсонгүй. Дакарт уралдахад мото спорт нь өөрөө санхүү, зардал маш өндөр байдаг учраас техникийн хувьд энэ асуудал хамгийн хүндрэлтэй байдаг. Гэхдээ бид бүхэн төслийнхөө нэгжээс зарим хэсгүүдийг түр хойш нь тавиад, дараа дараагийн алхмууд дээрээ хийхээр төлөвлөсөн байгаа.


“Тал нутгаас Дакарт” төслийн эхлэл том цэг нь “Дакар Ралли” юм. Эндээс дараагийн олон шинэ чадамжтай залуус төрөн гарах байх
-Ер нь Дакарт оролцож буй бусад орны баг бүтэн том бүрэлдэхүүнтэй тэнд очдог. Монголчуудын хувьд зардал санхүү асар хүндрэлтэй учраас үүнд дүйцэх хэмжээний чадахгүй ч гэсэн сүүлийн жилүүдэд энэ спортын мөн тамирчдынхаа төлөө бор зүрхээрээ зүтгэж буй хүмүүсийн ач гавьяа их. Таны хувьд 4 дэх удаагийн Дакарыг зорих гэж байна. Өмнө туршлага дээрээ үндэслэж, арай өөр өнгө төрхөөр харж буй байх?
-Энэ жил миний хувьд 4 дэх удаагийн медиагийн ажлаар Дакарыг зорино. 2022 онд анх медиагийн ажлаар би өөрөө энэ уралдааныг зорин ажиллаж байсан. Миний хувьд яг энэ салбарт мотоциклын болон авто спортын салбарт 2000-аад оноос хойш уралдаж, мөн медиагийн ажлаар олон тэмцээн, уралдаануудад ажиллаж байсан. Тэгээд өмнөх онуудад ажилласныхаа үр дүнд бид нар бүтэн баг байна, бас Монгол Улсынхаа нэрийг нэлээд гайгүйхэн амбицтай гаргаад ирье. Энэ техник спортын олон 100 мянган тамирчдын уулзвар дээр ирж байгаа. Тиймээс тамирчдын Монгол Улсынхаа нэр төр, нүүр царайг харуулах бас нэгэн том боломж байдаг. Дакар бол техник технологийн хөгжил, тамирчдын ур чадвар, хэвлэл мэдээллийн ажилчдын цар хүрээ өргөн нэлээн тийм том уулзвар байдаг юм. Үүнийг бид “Огтлолцол” л гэж хардаг. Тэгээд энэ ч утгаараа “Дакар ралли”-д очиж оролцож, гар бие, сэтгэл зүтгэл, өөрсдийнхөө хөлс хөдөлмөрийг тэнд шингээж байна аа гэдэг нь улс эх орныхоо нэр хүндийг тухайн спортын тавцанд таниулж байна гэсэн үг.
-“Тал нутгаас Дакарт” төсөл эхлэх болсон тэр цэг нь юу байв?
-Эр зоригийн олимп Дакарт оролцоно гэдэг нь нэр төрийн хэрэг бөгөөд үүгээр дамжуулан маш олон контактуудтай болдог. Энэ бол хамгийн үнэлшгүй зүйл. 2024 онд анх явж байхад манай ах нар маань надад санал тавиад Ууганаа ийм төсөл байвал гоё юм биш үү? Тэгээд тамирчин нь МУГТ Э.Халиунболд байвал бас гоё юм биш? гэсэн агуулгаар хэлж ярьсан. Тэгэхээр бид нар энэ төслийг ингээд хэрэгжүүлснээр цаашдаа Монгол Улсаас техник спортод төрөн гарах тамирчдыг төсөл нэгжээрээ хамааруулаад явах үүд замыг нь нээх боломжтой гэсэн том дүр зургаар ирээдүйг харсан. Түүнээс тамирчин өөрөө тэмцээнд оролцоно, тус улсыг зорино гээд мөнгө төгрөг цуглуулаад, менежерээ хийнэ, менежергүй тамирчин өөрөө өөрийнхөө менежер хийгээд, медиа хийгээд ингээд явна гэдэг маш хүнд шүү дээ. Тамирчин хүн зөвхөн бэлтгэл сургуулилтаа л хангаад, сэтгэл зүйгээ бэлтгэх нь нэн тэргүүний чухал асуудал. Харин тусад нь медиа болон менежер хүмүүсээс бүрдсэн тусгай баг ажиллах нь гоё боломж бүрдэх юм биш үү гэдэг үүднээс бид бүхэн энэ төслийг эхлүүлсэн.
-Таны хувьд мөн л хоёр дахь үеийн мото спортын тамирчин байсан хүн. Ер нь спортын гал тогоонд чанагдаж, ёсыг нь дагаж, хоол цайг нь идэж явсан хүн тамирчны жаргал, зовлонг хамгийн ихээр ойлгодог юм шигээ?
-Манай аав Энхбат гэж тамирчин хүн бий. Мөн Халиунболдын аав Эрдэнэбилэг багш байна. Бүгдээрээ яг нэгэн үед энэ л спортдоо дурлаж хичээллэж байсан нэгэн үеийн төлөөлөл болсон тамирчид. Халиука бид хоёр ч мөн аав нарынхаа залгамж халаа болж нэгэн үе энэ спортдоо хамтдаа дурлаж хичээллэж, тэмцээн уралдаан Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцож, хамт өссөн ийм нэгэн үеийн найзууд. Мэдээж техник спортын нэгэн үеийн шилдэг боловсон хүчин шүү дээ. Тиймээс нэгэн үеийн төлөөлөл энэ сайхан тамирчнаа дакарын замд хэрхэн уралдахыг нь харчих юмсан. Олон олон залууст гоё эерэг үлгэр дуурайлал өгчих юмсан гэсэн бодол, санаа, төлөвлөгөөн дээр нэгдсэн залуус. Энэ л том хүслээ ерөнхийдөө биелүүлж байгаа гэж хэлж болно.
Мото спортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд гэдэг хүнийг тэнд харахыг мөрөөдөж байна гэдэг нь маш эрүүл эерэг сэтгэхүй гэж үздэг. Бид нар энэ хүний карьер, энэ спортын цэвэр 100 хувь яг цэвэр фанатууд байдаг гэдэг утгаараа уг хүний ур чадварыг тэнд харъя гэсэн ийм ирмүүн мөрөөдлөөр хандаж эхэлсэн.Тэгээд цаашлаад энэ төслөөр дамжуулан, дараа дараагийн залгамж халаа болох залуусыг хамруулаад ирвэл маш тиийм гоё эерэг нөлөө, гоё мотивац, зөв хандлага авах юм болов уу гэсэн том агуулга, харууцтай, зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна.


“Дакар ралли” бол техник технологийн хөгжил, тамирчдын ур чадвар, менежер, медиа гээд олон цогц зүйлийн нэгдмэл нэгэн замын уулзвар буюу “Огтлолцол”
-14 хоногийн хугацаанд 8000 орчим километр замыг элсэн цөл, хад чулуутай хүнд нөхцөлд туулна гэдэг нь өөрөө тамирчин хүнээс асар иих тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, бэлтгэл сургуулилт, ур чадвар, мэдрэмж гээд л ер бүгдийг нь нэгэн дор цогцоолсон чадамжийг шаардах байх?
-Тийм. Иймээс ч эр зоригийн тулаан, техник спортын олимп хэмээн нэрийддэг. Бүтэн багийн олон цаг, сар өдрийн хамтын ажиллагаа байдаг. Тамирчин өмнөтгөл цуврал уралдаануудад оролцох, улбаалаад амжилт сайн гаргахаас л бүх зүйл эхэлдэг юм. Дакарт 14 хоног мөн мэргэжлийн баг, дээрээс нь тэр олон хүний хоол хүнс, тээвэр ложистик гээд маш олон зүйл дээр тив алгасаж ингэж зохион байгуулж байгаа гэдэг утгаараа асар өндөр зардал гардаг. Дакарыг зориод очсон зөвхөн мэргэжлийн тамирчин, механикч, менежер, медиа гээд 14 мянга орчим хүн тэнд чуулдаг. тэдгээр хүмүүсийн бүх зардал хичнээн ч тэрбумаар тэнд хэмжигддэг юм. Асар их зардал санхүү тэнд яригддаг. Харин зөвхөн монгол тамирчны хувьд мэргэжлийн багаас үйлчилгээ авахад хамгийн багадаа үйлчилгээ, ажлын зардал нь 70-90 мянган еврогоос эхэлдэг. Тэгээд 90 мянган евро гэдэг чинь ер нь 100 гаруй мянган доллар гэсэн үг. Тэгээд зөвхөн нэг багт энэ мөнгийг өгч байж шинэ мотоцикл техник, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ, өдөр бүр шинэ дугуй тавьж уралдана, шинэ мюссе сольж уралддаг. Ингээд л ер нь бүтэн цогц үйл ажиллагаа тэнд явагдаж байдаг.
Ер нь товчоор хэлэхэд асар их золиос, чадамжийг шаарддаг л даа.
Дакарт финиш хийгээгүй бол муу тамирчин ч гэдэг юм уу. Энэ нь Дакарыг дуусгаагүй бол тухайн тамирчиндаа асар сөрөг нөлөө, сэтгэл зүйн хувьд онцгүй том хар толбо болж үлдээгээд байгаа юм. Энэ нь өөрөө бид нарын нөгөө л санхүүгийн боломж бололцооноос шалтгаалан, дахин дараа жилийнхээ Дакарт уралдаж, дуусгаж чадаагүй уралдаанаа дуусгах тэр хүсэл эрмэлзлэл нь жаахан дарагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр дуусгах, дуусгахгүй нь ерөөсөө тэр хүний асуудал байхгүй юу. Дуусгачихсан байхад нэр алдрын асуудал, дуусгаагүй байна гэдэг нь дахиад тэр уралдааныг зорих тийм урам зориг авдаг ийм талбар байгаа юм. Тэр олон тамирчид уралдаад алдаа гаргаад ч юм уу, эсвэл техникийн саатлаас ч юм уу болоод тэмцээнээ дуусгаж чадаагүй. Залуучууд бид дараа жил дахиж ирээд энийг заавал дуусгана аа гээд буцдаг. Тэрнээс биш улс эх орондоо очоод арчаагүй, хожоогүй ч гэдэг юм уу, муугаар хэлэхэд ийм зүйл ерөөсөө байж болохгүй. Энэ бол ерөөсөө цэвэр хүндлэл, спортын сэтгэл зүй гэдэг ийм асуудал байгаа.


Мото спорт болон авто спортын “Шигшээ баг”-тай болох хүсэл эрмэлзлэл нь “Тал нутгаас Дакарт” төслийн нэгэн эд эс нь юм
-Төсөл нь амжилттай эхэллээ. Илүү том дүр зургаар цаашдаа үргэлжлэх болов уу?
-Бид нарын хувьд төслөө амжилттай эхлүүлэх нь маш чухал санагдсан юм. Тэгээд Халиука бид хэд Дакарт оролцоод, энэ төсөл ингээд амжилттай хэрэгжээд явбал сайн. Төслийн том эхлэл нь “Дакар ралли-2026”. Цаашаа энэ төсөл өөрөө энэ раллид уралдах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад маш том эерэг нөлөөлөл өгөх, тэгээд дээрээс нь магадгүй энэ төсөл маань гэгээлгээр харахад сайжраад хөгжөөд явбал 1-3 тамирчинтай болно. Монгол Улсаас гадаадын зөвхөн Дакар гэхгүйгээр уралдаж үзээгүй маш олон тэмцээнүүд бий. Энэ тэмцээнүүдэд уралдах нөөц бололцоо зүйлийг нь хангах, тамирчид маань өөрсдөө бас санхүүгийн хувьд ч гэсэн сэтгэлээ чилээхгүйгээр, санаа амар, зөвхөн тамирчны ажлаа хийгээд явах ийм нөхцөл байдлыг бүрдүүлчих юмсан гэсэн чин хүсэлтэй байгаа.
Тэгээд энэ төслийн маань гол зорилго бол үндсэндээ тамирчдад чиглэсэн, магадгүй цаашлаад улс эх орны шигшээ багийн хэмжээнд бэлдэх юмсан гэсэн тийм чин хүсэлтэй. Мото болон авто спортод бид хичээллээд явж байхад бага наснаасаа спортоороо шигшээ багтай болох чин хүсэл, мөрөөдөлтэй байлаа.


Э.Ууган-Эрдэнэ: Дээд үеийнхээ ах нараас бид “Баг, нэгэн цул баг” гэдэг ойлголт, эерэг мотивацыг суралцсан
-Монгол Улсын мотоцикл спортын шигшээ багтай болоод өмнө нь Ази тивээс буюу Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүж байсан. Дээшээ үеийн миний мэдэхийн Бумбарууш ах, Батбаяр ах, Барбатцэнгэл ах, за тэгээд одоо Билэгээ багшийн үеийнхэн ахмад тамирчид маань дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа уралдаж байлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээн, ЗХУ-ын найрамдалт орнуудын тэмцээнүүд гээд л олон тэмцээнүүдэд ер нь дандаа багаараа зорьж очоод оролцдог байсан.
Ах нарын амжилт, баг хамт олны нэгдмэл сэтгэхүй, нэгдсэн нэг зорилго нь бид нарт багаас нь суусан. Тэр ч утгаараа бид нар ерөнхийдөө энэ “Тал нутгаас Дакарт” төслийн нэгэн цул баг, чухал хамт олон гэж харж байгаа. Эцэст нь Монгол Улсаас 2026 онд хоёр гоё тамирчин уралдах гэж байгаа. Хоёр гоё тамирчин гэдэг нь 57 дугаартай Э.Халиунболд уралдана. 79 дугаартай ОУХМ П.Мөрөн бас уралдана. Тэгэхээр хоёр тамирчнаа улсаараа сайхан дэмжээд түшээд өгөөрэй. Бүгдээрээ Саудын Арабаас амжилтаар эргэн уулзацгаая.
Ярилцсанд баярлалаа.
“Тал нутгаас Дакарт” төслийн ерөнхий зохицуулагч Э.Ууган-Эрдэнийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:
Мото спортын тамирчин бол МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд. Түүний аав МУГД Ш.Эрдэнэбилэг тэртээ 1980-1996 он хүртэл Мотоспортын түүхэндээ Монгол улсаа тив дэлхий, Олон улс, тивдээ энэ л спортоор гайхуулж явсан түүхтэй. МУГТ Э.Халиунболд бага наснаасаа эхлэн Мотоспортод хөл тавьж, түүний аав хүүгээ дасгалжуулж байлаа. Монгол улсын дунд үеийн Мото спортын олон олон амжилтууд түүнтэй салшгүй холбоотой.








