
“Арав хоноод тэтгэвэртээ гарна даа гэж бодохоор… нэг л тийм болчих юм.”
Х.Мягмарсүрэн ингэж намуухан хэлэхэд, түүний хоолойд олон жилийн хөдөлмөрийн үнэ цэн мэдрэгдэнэ. Үг нь цөөн ч, дотор нь багтах дурсамж хэтэрхий олон. Тэр бол Дарханы төмөрлөгийн уурхайд 14 жил авто самосвалын жолооч-оператороор ажилласан хүн.
Өглөө бүр зургаан цагт гэрээсээ гарч, орой есөн цагт ажлаа дуусгана. Заримдаа өдөр, заримдаа шөнө. Ингэж л амьдралынхаа хамгийн эрчтэй, хамгийн залуу он жилүүдийг алтан шар замд өгчээ.
“Анх орж ирж байсан үе, одоо хамгийн сүүлийн өдрүүд хоёр л яг адилхан юм шиг санагдаад байна. Урьд нь ийм юм огт бодогддоггүй байж. Харин тэтгэвэрт гарах ойртохоор л… сэтгэл өөр болдог юм байна.”
Уурхайн амьдрал бол тусдаа нэг ертөнц. Энд хүмүүс 20 хоног цугтаа амьдарч, гэртээ ердөө 10 хоног харьдаг. Тиймээс хамт олонтойгоо жирийн найзаас илүү, бараг гэр бүл шиг дотно болчихдог. Гэхдээ бусад уурхайг бодвол өглөө, оройдоо гэрээсээ ирж, буцдаг учир өдрийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг гэсэн үг.
“Манайхан тоглоомоор хэлдэг юм. ‘Чамайг бид эхнэрээс чинь ч илүү мэдэх болсон’ гэж. Үнэндээ тийм л байдаг. Бид нэг нэгэндээ уусчихсан.”
Тийм болохоор энэ орчноос, энэ хүмүүсээс холдоно гэдэг Х.Мягмарсүрэнд хамгийн хүнд.
“Заримдаа нэг л… уйлчихмаар ч юм шиг санагдаад байдаг. Өөр дээрээ яг ирэхээр л тэр мэдрэмж аргагүй эрхэнд төрдөг юм байна.”
Олон хүн тэтгэвэрт гарна гэдгийг “хөгширсөн” гэх ойлголттой холбодог. Харин Х.Мягмарсүрэн өөрийгөө тэгж хардаггүй.
“Би өөрийгөө хөгширсөн гэж бодохгүй байна. Хамт олон ч намайг залуу сэтгэлгээтэй гэдэг. Яг энэ барил, энэ хандлагаараа л ирээдүйн амьдралдаа ч ажиллаж, амьдарна гэж бодож байна.”
Жолооч гэдэг мэргэжлийн тухай асуухад түүний нүүрэнд инээмсэглэл тодорно.
“Алтан шар замдаа сайхан ажлаа хийгээд явна гэдэг чинь өөрөө аз шүү дээ.”
Түүнийг энэ сайхан замдаа дуртаа дуугаа дуулах боломжтой юу гэж асуухад, нүүрэнд нь мишээл тодрон:
…Санасан зорьсон хэрэг бүртээ
Аяны жолоо дээшээ байг…
Тэр инээмсэглэнэ. Харин тэр инээмсэглэлийн цаана мянга мянган километр зам, өдөр шөнөгүй үргэлжилсэн ажил, хамт олны нөхөрлөл, үлдээж буй залуу нас бий.






