
Хонконгийн Дээд шүүх 77 настай тэрбумтан Жимми Лайг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, үймээн самуунд турхирсан зэрэг хэргүүдэд буруутай гэж үзжээ.
Шүүгч Эстер То, “Нотлох баримтуудаас яллагдагчийн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдахаас өмнө болон батлагдсаны дараах зорилго нь Хятадын Коммунист намыг унагах явдал байсан гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Тэрээр яллагчийн талаас гаргасан нэхэмжлэлийн 1, 2 ба 3-р заалтад дурдагдсан хуйвалдааны гол зохион байгуулагч байсан гэдэгт, ингэхдээ Apple Daily сонины бүх платформыг ашигласан гэдэгт бид итгэлтэй байна.” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу Жимми Лай бүх насаар хорих ялаар шийтгүүлж болзошгүй аж.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” ашгийн бус, төрийн бус олон улсын байгууллага Хонконгийн Дээд шүүхийн шийдвэр нь тус бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө уналтад орж байгааг харуулж байна хэмээн Жимми Лайг шүүхээр яллаж буйг хэвлэлийн эрх чөлөөг яллаж байгаатай зүйрлэжээ.
Хятад дахь Amnesty International байгууллагын захирал Сара Брүкс, “Хонконгийн Дээд шүүхийн шийдвэрээс Хятадын Үндэсний аюулгүй байдлын хууль нь ард иргэдийг хамгаалах бус дуу хоолойг нь хаах зориулалттай болох нь харагдаж байна. Түүнээс гадна болж буй үйл явдал нь Хонконгт бизнес хийж буй, хийхээр төлөвлөж буй хүмүүст нэг төрлийн анхааруулга болж өгч байна.” гэжээ.
Apple Daily- г үүсгэн байгуулагч Жимми Лай нь Хонконгийн бие даасан, чөлөөт сэтгүүлчдийн эр зоригийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн ба түүнийг шүүхээс ялласан нь Хонконгт бие даасан сэтгүүл зүй цаашид оршин тогтнох боломжгүй болсныг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.
Дээд шүүхийн дараагийн хурал 1-р сарын 12-нд болох ба энэ хооронд талууд давж заалдах шүүхэд хандах боломжтой аж.
Эх сурвалж: Reuters






