
14 жилийн өмнө буюу 2011 оны 11 сарын 20-нд Монгол Улсад гэрийн үйлчлэгч хийхээр ирээд “Эрэл”-ийн Д.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амь насаа алдсан гэх Терилл Атиензагийн гэр бүлийн гишүүд болон сэтгүүлч С.Будрагчаа нар Улсын Ерөнхий Прокурорын газарт хэргийг сэргээн шалгуулах гомдлоо гаргалаа.
Сэтгүүлч С.Будрагчаа: Намайг Филиппин явж ирснээс хойш намар л байсан байх намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр дуудсан. Би гайхаад юу болсон талаар асуухаар очтол Австри Улсын албан бичиг дээр “Австри Улсын өргөмжит консулын нэр төрд халдаж, Австри Улсын нэр төрд халдлаа” гэх ер бусын гомдлыг Д.Сэргэлэн гэдэг хүн гаргасан байсан.
Тухайн үед нэвтрүүлэг гараагүй байсан үе. Нүүр ном дээр байршуулсан орчуулгын баримтуудыг, албан ёсны линкнүүдийг хэвлээд өгсөн чинь тухайн мөрдөгч их ухаантай хүн байсан. “Та ямар зохиол бичээд нүүр ном дээр байршуулсан биш бүх зүйл албан ёсны баримттай зүйлсийг худал мэдээлэл гэж үзэхгүй” гээд тухайн үедээ хэргийг хааж байсан.
Том охин Риел Атиенза: Монгол Улсын иргэдийн тусламжтайгаар Монгол Улсад ирж ээжийнхээ хэргийг дахин шалгуулах боломж олдсонд баяртай байна. Монголын эр зоригтой сэтгүүлч С.Будрагчаагийн ачаар ээжийнхээ хэргийг шалгуулах боломж бүрдэж байна. Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч гэсэн шударга ёс үйлчлэх орон зай Монгол Улсад байгаа гэж үзэж байна.
Тухайн хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байгаатай холбогдуулаад Монгол Улсын иргэн, сэтгүүлч С.Будрагчаад аль 2011 онд хэрэгжиж, тогтох ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө бидний нэрийн өмнөөс бүрэн төлөөлөх эрхийг олгож байна. Хэдийгээр хуулийн үйл явц нь ээдрээ төвөгтэй байхыг ойлгож байгаа. “Ээж маань хүн байсан юм. Хүн ёсоор хандахыг хүсэж байна”. Ээжийн маань хэргийг дахин сэргээн шалгахыг би чин сэтгэлээсээ хүч байна. Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг архивд хадгалаад орхиж болохгүй. Амьд хохирогчид нь болох үр хүүхдүүдэд нь зовоод байж байгаа гэдгийг хүлээн авч хүн ёсны шударга ёсыг тогтооно гэдэгт итгэж байна” гэв.






