
Энэтхэгийн Калькутта хотын Salt Lake цэнгэлдэхэд хөлбөмбөгийн дэлхийн од Лионель Мессиг харахаар цугласан иргэд Аргентины шигшээ багийн ахлагчийн барааг харж чадаагүйдээ уурлаж бухимдан, гарт тааралдсан зүйлсээ талбай руу шидэж, цэнгэлдэхийн сандлуудыг эвдэж, эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчид Энэтхэгийн өнцөг булан бүрээс, зарим нь олон зуун километр замыг туулан Калькутта хотод иржээ. Тэдний зарим нь хөлбөмбөгийн домогт тоглогчийг Salt Lake цэнгэлдэхийн талбайд гарахыг харахын тулд 133 хүртэлх ам.долларын үнэтэй тасалбар худалдан авсан ч Мессиг талбайд гарч, шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэх үеэр түүнийг олон тооны албаны хүмүүс, Энэтхэгийн алдартнууд бүчин зогссон байсан учир үзэгчид хайртай тоглогчийнхоо барааг ч харж чадаагүй аж.
Месси цэнгэлдэхийн талбайд гарч 20 минут орчим болсны дараа хамгаалагчид түүнийг талбайгаас гаргажээ.
Болсон явдалтай холбоотойгоор Калькутта хотын цагдаагийн газраас цэнгэлдэхэд болсон үйл ажиллагааг зохион байгуулсан гол хүнийг баривчлаад байгаагаа мэдэгдсэн ба эрх баригчид тасалбар худалдан авсан иргэдэд нөхөн төлбөр олгох арга замуудыг хэлэлцэж байгаа гэжээ.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Месси ирэх өдрүүдэд Энэтхэг улсын Калькутта, Хайдабарад, Мумбай, Дели зэрэг 4 хотод зочлохоор төлөвлөсөн ба өнгөрсөн бямба гарагт тэрээр Калькутта хотод баригдсан 21 м өндөр хөшөөнийхөө нээлтэд цахимаар холбогдон оролцсон юм.
Эх сурвалж: BBC






