
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.
Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюу толгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.






