
Спорт, урлагаар дамжуулан хүн олон сайхан зүйлсийг олж авч чаддаг. Тиймдээ ч одоо үед эцэг, эхчүүд спортын сайн сайхан, эерэг, ач холбогдлыг танин мэдэж, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг чих тавин сонсож, ярилцаж, сонирхсон төрлөөр нь дэмжин хичээллүүлдэг болсон. Мэргэжлийн дасгалжуулагч нарын хэлж ярьж зөвлөдгөөр “Хүүхэд бүхэн тамирчин болох албагүй, харин спортоор дамжин төлөвшиж, хүмүүждэг” гэдэг.
Хамгийн гол нь аливаа спортын нэг төрлөөр тууштай хичээллэснээр, сууж сурах, анхаарал төвлөрөхөөс гадна баг хамт олонч сэтгэлгээтэй болох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Хүүхэд ахуй наснаасаа өвөө, аав хоёрыгоо шатар нүүхийг дэргэдээс нь харж өссөн, эгэлгүй өгөгдөлтэй бяцхан хүү 4 настайгаа шатар тогложээ. Үүнээс улбаалаад анхлан сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тэр жаахан хүү хүсэл эрмэлзэл дүүрэн тэмүүлэлтэйгээр шатрын спортын “Босоо ноён” клубийг зорин очжээ.
Ингэснээр түүний оюун ухааны спорт дахь тасралтгүй амжилтын эхлэл тавигдаж, хамгийн гол нь тууштай хүнээс сайн үр дүн харагддаг гэдгийн бодит жишээ болж байна.
Шатрын спортын Ази болон Дэлхийн аварга цолтон, 2025 оны насанд хүрэгчдийн ангиллын Рапид төрлийн Монгол Улсын аварга болж, дээд рекорд тогтоосон 11 настай шатарчин Цогтбилэгийн Анандыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ хойморт урилаа.

-Сайн байна уу? Юуны өмнө 2025 оны Рапид, блицийн улсын аварга болсонд баяр хүргэе. Монгол Улсын дээд түүхэн рекорд амжилтыг тогтоолоо?
-Сайн байна уу. Баярлалаа. Маш их өрсөлдөөнтэй байсан. Дандаа насанд хүрсэн шатарчид оюун ухаанаа сорьсон гэдгээрээ онцлогтой.
-Хамгийн онцлох, хүнд өрөгүүд хэнтэй тоглов?
-2 дугаар өрөг дээр Их мастер Г.Мөнхгал ахтай тоглосон. Тэгээд 3 дугаар өрөг дээр Дэлхийн шатрын холбооны мастер Баасансүрэн ахтай тоглосон. Харин 4 дэх өрөг дээр Спортын мастер Энхсайхан ахтай тоглосон. Ер нь л бүх өргүүд нь өрсөлдөөн ихтэй байсан даа. Гэхдээ тэдэн дундаас Улсын аварга шалгаруулах тэмцээний 6-р өрөг дээр Дэлхийн шатрын холбооны мастер Болдоо ахтай тоглосон өрөг хэцүү байсан.
-Нийт 9 өрөг тоглосноос 8,5 оноо авсан байсан. Энэ үзүүлэлт бол маш гайхалтай амжилт?
-Тэмцээн дууссаны дараа бүгд л баяр хүргэе гээд л тэр их гоё санагдсан.
-Ц.Ананд хэдэн настайгаасаа шатар тоглож сурав. Хэн нөлөөлөв?
-5 настайгаасаа аав, өвөө хоёрыгоо тоглож байхад хараад л, шатар орсон. 8 настайдаа энэ “Босоо ноён” клубт Очирсүх, Энхнар багш нар дээрээ ирж, шавиар тууштай хичээллэж эхэлсэн.
-Анхны багш нь хэн байв?
-Клубтээ яваад 3 жил гаран болж байна. Анх орж ирэхэд спортын дэд мастер Очирсүх багш маань энэ клубт зааж байсан. Тэгээд сүүл рүүгээ жаахан сайжраад ирэнгүүт Энхнар багш дээрээ клубтээ бэлтгэлээ хийж эхэлсэн.


-“Босоо ноён” клубтээ хичээллээд, 3 жилийн хугацаанд дотооддоо төдийгүй гадаад дахь олон тэмцээнд түрүүлжээ?
-Казахстаны Алмата хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд нь түрүүлээд, стандарт төрөлд нь 3-д орсон. Мөн 2024 оны намар 10 сард Италийн Ром хотод болсон бодлого бодолтын төрөлд нь 30-аас 30 оноо авч түрүүлсэн.
-Шатрын Бодлого бодолтыг Ц.Ананд уншигч хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар тайлбарлавал?
-Шатрын стратеги, шатрын тактик илүү боддог. Дан блиц төрөл нь 3-5 минутын хугацаатай, харин түргэн тоглолт болон рапид төрөл нь 10 минутаас 1:40 минутын хооронд түргэвчилсэн тоглолтоор тоглодог. Харин стандарт төрөл нь 1-2 цагийн хооронд өрсөлдөнө.
-Дэлхийн топ тамирчдаас хэн гэдэг тамирчдыг шүтэн биширдэг вэ?
-Норвегийн шатарчин дэлхийн 7 удаагийн аварга Магниус Карлсенийг шүтэн биширдэг.
-Аав, ээж нь маш их дэмждэг байх. Бэлтгэлд нь өдөр бүр зөөдөг, спортын сонирхол, тууштай занг нь дэмжиж түшдэг байх?
-Манай аавыг Цогтбилэг, ээжийг Ууганчимэг гэдэг. Аав, ээж хоёр маань намайг маш их дэмждэг. Би багадаа өвөөгийндөө хурдан морь унадаг байлаа. Одоо чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог. Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багийн фэн.


-Багш нь том тэмцээний өмнө сэтгэл зүйд нь түлхэц өгөхөөр хэрхэн юу гэж зөвлөдөг вэ?
-Ер нь бүх гараагаар л эхний нүүдэлдээ, бүх нүүдэл хийсэн ч хожих боломжтой. Багш маань чанартай өрөгөөр, нямбай тоглоорой. Тэгвэл хожил аяндаа ирнэ гэж хэлдэг.
-Шатрын спортоос мэдэрдэг хамгийн гоё нь?
-Өрсөлдөгчөө хожиж ялалт байгуулах, мөн бодлогоо бодоод суух маш гоё.



“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн зураг авалт болоод ярилцлага хоёр хэсэгт хийгддэг. Энэ удаад Рапидын насанд хүрэгчдийн ангиллын аварга болсон шатарчинг дасгалжуулдаг
“Босоо ноён” клубийн дасгалжуулагч, Дэлхийн шатрын холбооны мастер Э.Энхнартай уулзаж цөөн хором ярилцсанаа мөн хамтатган хүргэж байна.
-Сайн байна уу? 2025 оны одоо 12 дугаар сарын сүүлээр Катар улсын Доха хотод ДАШТ болно. Танай клубээс өөрийн тань шавь Ц.Ананд 2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн учраас оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Бэлтгэл сургуулилт нь хэр байна даа?
-Сайн байна уу. Шавь маань клуб дээрээ бэлтгэл сургуулилтаа хангаад л, хэвийн явж байгаа. Ц.Ананд шавийн маань хамгийн сүүлийн үед гаргасан нэлээн том амжилт. Мөн энэ амжилт нь Монгол Улсын оюуны спортын түүхэндээ маш том рекорд амжилт болж байгаа. 11 настай хүүхэд насанд хүрэгчдийн ангилалд түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлнэ гэдэг нь маш том гайхалтай амжилт юм.
-Түргэвчилсэн тоглолт гэдэг нь тайлбарлавал?
-Түргэвчилсэн тоглолт гэдэг нь яг түргэн тоглолтоо бодвол жаахан удаан тоглодог учраас туршлагатай тамирчид маань ур чадварынхаа зөрүү гарах боломж өндөртэй байдаг.
Тэгээд яг сая болсон улсан аварга шалгаруулах тэмцээнээр 9 өргөөс 8 хагас оноотой ер нь маш том амжилт үзүүлсэн. Одоо улсын аваргадаа дотооддоо түрүүлсэн учраас үргэлжлүүлээд ДАШТ-ний рапид, блицийн төрөлд оюун ухаанаа сорино.



-Тэмцээн болох хугацаа мөн дэлхийн хэдэн рейтингтэй шатарчид өрсөлдөх вэ?
-Катарын Доха хотод 12 сарын 25-30-ны хооронд болно. Дэлхийн шилдгүүд буюу дандаа 2550-аас дээш рейтинг, чансаатай насанд хүрсэн шатарчид өрсөлдөнө. Монгол Улсаас 11 настай Ц.Ананд шавь маань өрсөлдөх болсонд бид баяртай байгаа.
-УАШТ-нд шавь нь маш том үзүүлэлт гаргаж, олныг гайхшрууллаа. Дасгалжуулагч хүний хувьд огшиж байсан нь гарцаагүй байх?
-Саяын тэмцээний дараа би бараг уйлахаа л алдсан. Маш их огшоод л явихсан. Би чинь сэтгэл хөдлөлөө маш их нуудаг. Барагтай юманд ил гаргаад байдаггүй хүн. Хүмүүс ирээд л Очирсүх багш бид хоёрт баяр хүргээд л, шавиараа үнэхээр их бахархсан. Ваав гэж дуу алдаж дотроо ингээд л шавь маань нээрээ л Улсын аварга болчихож байгаа гэж бодсон доо.(инээв)
Анх тамирчны гараанаас дасгалжуулагчийн замнал руу шилжчихээд л, гадагшаа шавь нараа аваад тэмцээнд яваад үзчих юмсан. Дараа нь багаараа улсын аварга цол хүртэх юмсан. Тэгээд мөрөөдөл маань алхам алхмаар биелээд л, мэдээж хүүхдүүдээ дагуулаад гадагшаа явчхаж байгаа юм. Багаараа улсын аварга болчихсон. Хүн чинь тэгээд л зогсолтгүй урагшлаад л, илүү урам аваад л ирэнгүүт тавьсан зорилтууд маань дээшлээд л яваад байдаг.
Намайг дасгалжуулагч байх хугацаанд, цаашлаад өндөр настай болсон хойно ч шавь Ц.Анандын сая гаргасан амжилт бараг магадгүй, эвдэгдэхгүй байж ч магад. Тиймээс багш хүнийхээ хувьд нэлээн том тийм сэтгэл ханамж гэх юм уу, тэрийг мэдэрсэн.
-Анх энэ клубт ирэхийн онцгой авьяас чадвар, тууштай хүсэл эрмэлзэл нь Ц.Анандыг шатрын спортдоо зорилготой байхад нөлөөлсөн байх. Дээр нь сайн багш нар маш их түлхэц болов уу?
-Анх ирэхдээ манай клубийн үндсэн багш нарын нэг спортын дэд мастер Очирсүх багш дээр ирж байсан. Хамгийн гол нь өөрөө маш их сонирхолтой, дуртай байсан болохоор ахицтай хурдан сайжрал явагдсан.
Аливаа спортод чинь зөв хор шартай байвал тэр нь амжилтын түлхүүр болдог шиг. Ер нь Ц.Анандын хувьд зөв хор шартай. Ялагдлаа гэхэд ялагдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх тийм чадвартай, маш тууштай бэлддэг болохоор хурдан сайжрахад нь голлон нөлөөлсөн.
-Шавийнх нь амжилтууд үргэлжлээд л маш сайн, тогтмол гарч байсан байхнээ?
-Ц.Анандын хувьд өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл гэсэн 3 медалийг авсан. Эхлээд хүрэл аваад дараа нь мөнгө, тэгээд алтан медаль гээд л өнгийг нь хувиргаад үзүүлсэн амжилттай.
-Өмнө нь Ази тивийн аварга, дэлхийн аварга болсон. Тухайн тэмцээнүүдээ эргээд тодотгоод яривал?
-Өсвөрийн азийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд түрүүлсэн. Тайландад болсон сурагчдын Азийн аваргаар бас түрүүлээд, дэлхийн аваргад түрүүлээд, одоо гадаад рейтинг нь 2 мянга гарчихсан.
Эдгээр амжилтуудаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер хэмээх цолоо авчихсан. 3 жилийн хугацаанд ийм амжилт үзүүлнэ гэдэг ер нь маш хурдтай л явж байна гэсэн үг л дээ. Хамгийн гол нь тасралтгүй бэлтгэлээ үргэлжлүүлээд яваад байвал хүн болгон амжилтад хүрэх боломжтой байдаг.


Шатрын спортыг бодлого бодолтгүйгээр төсөөлөхийн аргагүй
-Шавийнх нь хувьд онцгой зан чанарыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Анандын хувьд өгөгдөл нэлээн сайтай тийм хүүхэд байгаа. Хамгийн гол нь тууштай зан чанартай. Ялагдал хүлээлээ гэхэд дараа би тэр өрсөлдөгчөө ялна даа гэж бодоод л зүгээр орхих бус тэр ялагдсан өрөг дээрээ дүгнэлт хийж, маш их давтдаг. Алдаан дээрээсээ суралцдаг, давтаад л, бэлдээд байдаг тууштай зантай. Энэ нь л амжилтад хүрэхэд маш их нөлөөлж байгаа болов уу.
-Шатрын төрлүүдийн талаар та мэдээлэл өгнө үү?
-Шатарт маань яг үндсэн 3 төрөл бий. Түргэн тоглолтын төрөл нь Блиц, түргэвчилсэн тоглолт нь болохоор рапид, мөн уртын өрөг буюу стандарт тоглолт гэж бий. Энэ нь 1:90 минутаар нүүдэл болгонд 30 секунд нэмэгддэг тийм тоглолт байгаа.
-Шатрын бодлого бодолтын төрөл нь том суурь шинжлэх ухаан байдаг. Тиймээс ч шатрын спортын тамирчид хамтад нь энэ чиглэлээр суралцаад, тэмцээнд оролцоод, хөгжүүлээд явдаг. Та энэ тал дээр шавь нараа хэрхэн ямар системээр сургадаг вэ?
-Бодлого бодолт нь тусдаа цолтой. Миний хувьд өөрөө насанд хүрэгчдийн бодлого бодолтын улсын аваргад 2 удаа өмнө нь түрүүлж байсан. Тэгээд ер нь бодлого бодолтын төрлөөр хүүхдийг анх яг шатар сурсан цагаас нь эхлээд шатарт дуртай болоход нь гол тулгуур болж өгдөг.
Бодлого бодолтгүйгээр ер нь шатрыг төсөөлөхөд их хэцүү. Шатар дээр тактик, стратеги гэсэн 2 ойлголт бий. Стратегийн ойлголтоор дан дагнасан ч тооцоо сул байвал араас нь дэмжиж чадахгүй. Тэгэхээр энэ бодлого бодолтын төрөл хүний тооцоо, сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг үргэлж хөгжүүлж өгдөг.
Аливаа юмыг олон талаас нь харах чадвар, төсөөлөн бодох чадвар гээд ер нь бүх л зүйл дээр бодлого бодолтын төрөл маш их хэрэгтэй байдаг байхгүй юу. Миний хувьд хүүхдүүдээ бодлого бодолтоор давхар, зэрэг авч явахыг хичээдэг.
Рапид, блицийн насанд хүрэгчдийн ДАШТ Катарын Доха хотод 12 сарын сүүлээр болно
-Шавьдаа том тэмцээний өмнө хэрхэн зөвлөгөө өгч чиглүүлдэг вэ?
-Мэдээж илүү байгаад бол шууд хожихгүй. Илүү болох тусмаа илүү нямбай тоглох ёстой. Хамгийн гол зорилго нь “Чанартай өрөг” гээд хэлчхэж байгаа юм. Ц.Ананд шавийн маань хувьд сэтгэл зүй нь нэлээн хүчтэй гэж бодож байгаа. Шатрын спорт бол сэтгэл зүйтэй маш их холбоотой спорт. Багш хүнийхээ хувьд яг эгзгийг нь харж байгаад л зөв үед нь урамшуулаад л тэгээд зэмлэх үедээ зэмлээд л явдаг даа.
Одоо манай клубийнхэн энэ үгийг бараг чихэнд нь хоногшчихсон байгаа л даа. Би ингээд орох болгонд нь хүүхдүүдээсээ асуудаг. Та нарын гол зорилго бол өргийн ард хожил авахдаа биш, медаль авахдаа биш, түрүүлэхдээ биш зүгээр л шатраа чанартай тоглоно, чанартай өрөг гаргах гэж тоглоно, цагаа сайн барина гэж хэлдэг. Тэгээд л одоо манай хүүхдүүд одоо өргийн ард суухдаа ерөөсөө гол зорилго нь “Чанартай өрөг” гаргах л байдаг. Хүүхдийг анхнаас нь яг юуны төлөө шатар тоглоод байгааг нь маш сайн ойлгуулах нь л чухал юм шиг санагддаг даа.
Зарим хүүхдүүд нямбай тоглоорой гэдгийг удаан бодно гэж ойлгоод байдаг. Аль болох хурдан нүүж болно, тэгэхдээ нягт нямбай байх ёстой, нөгөө нүүдлүүд нь алдаа багатай байх ёстой гэдгийг илтгэж байгаа юм. Ер нь ямар ч хүн, ямар ч амжилт гаргаж болно шүү дээ. Тэгээд шатар дээр үнэхээр ингээд гоё өрөг гаргачих юм бол магадгүй тэр авсан шагналаасаа илүү шагнал, кайф мэдэрдэг байхгүй юу.
-Ц.Ананд өөрөө ямар онцлогтой шатарчин бэ?
-Ер нь тооцоо сайтай л гэж боддог юм шүү дээ. Жижиг тактикуудыг хийгээд л, байнга л өөрийгөө давтаж, бэлтгэж байдаг. Маш тууштай, эрмэлзэл дүүрэн, бэлтгэл сайтай байдаг.
-Шатрын спорт олон талын ач холбогдолтой. Тиймдээ ч Монголчууд “Уулгүй талын цусгүй тулаан” хэмээн нэрийдэж, амьдралд аливаа зүйлд шийдвэр гаргахдаа ч маш оночтой, зөв сургадаг гэлцдэг?
-Ер нь шатар чинь Урлаг, Спорт, Шинжлэх ухаан 3-ын нэгдэл гэж явдаг. Хүнийг бүх л талаар хөгжүүлнэ гэсэн үг. Тэгээд тамирчин яг аль өнцгөөс нь яаж харах вэ?
Аль өнцгөөс нь хэрхэн харах вэ, шатрын хөлгийн ард яаж сэтгэх вэ гэдгээ шийднэ ээ гэдэг нь ерөнхийдөө ингээд л асуудлыг шийдэж байгаа нэг хэлбэр байгаа юм. Тэгээд л яг тухайн өгөгдсөн байрлал дээр хамгийн зөв шийдвэр нь юу байж болох вэ, тактик хийх нь зөв үү, стратегээ авч явах нь зөв үү гэх мэт. Ер нь бол энэ шатрын спорт маань хүнийг аль болох олон шийдвэрт төөрөгдөхгүй байх, маш зөв чиглүүлдэг спорт юм болов уу л гэж боддог доо.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






